Байгаль орчны байцаагчид Засаг даргын дуулгавартай зарц болж хувирчээ
Монголын Байгаль орчны салбарын хүний нөөцийн гол цөм нь байгаль хамгаалагчид бөгөөд тэдний үйл ажиллагаанаас салбарын ажил шийдвэрлэх хэмжээгээр хамаарах нь тодорхой. Одоогоор орон нутгийн байгаль хамгаалагчдыг сум, дүүргийн Засаг дарга томилж байна. Энэ нөхцөлд байгаль хамгаалагчид нь орон нутгийн засаг даргад хяналт тавьж чадахгүй. Ажил олгосон эрх мэдэлтнээ тэд хянаж, цагдана гэж юу байхав. Засаг даргын томилсон байгаль орчны байцаагчид, тухайн орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэг бүхий дуулгавартай зарц болж хувирсан гэсэн шүүмжлэлийг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс байнга тавьж байгаа. Монгол оронд нүүрлэсэн модны хулгайн сүлжээ байгаль орчны байцаагчид, цаашлаад томоохон албан тушаал бүхий эрх мэдэлтнүүдтэй холбоотой гэж хэвлэл сониноор шуугиад байдаг нь үнэний хувьтай. Орон нутгийн байгаль хамгаалагчдын чадавхи сул, тэднийг чадавхижуулах системтэй тодорхой арга хэмжээг төр засгаас авч байсангүй. Харин сүүлийн гурван жилд унаа бие хамгаалах хэрэгслийн хангамжийг сайжруулах талаар анхаарал тавьж, байгаль хамгаалагчдын 50% -ийг мотоцикл, 18.1 % -д нь морь, олгож дуран, цахилгаан бороохойгоор хангасан нь энэ салбарт гарсан нааштай алхам гэнэ.







