Эмийн шидтэй үндэснээсээ болж устах аюулд хүрээд байгаа ховор ургамал
Дэрэвгэр жиргэрүү нь уруулцэцэгтний овгийн нэг зүйл эмийн ургамал бөгөөд Монгол орны хээрийн бүсэд ялангуяа атаршсан газар элбэг тархацтай байлаа. Хээрийн ургамлын бүлгэмдэлд өөрийн байр суурьтай энэ ургамал үндэснээс болж нэн хөөрхийлөлттэй, устах аюулд хүрээд байна. Учир нь энэ ургамлын үндэсний хүзүүнээс доош 20-30 см хэмжээтэй үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ашигладаг.
Чухам энэ хэсгийг нь тасалж аван Хятад улсад экспортлодог болсон цагаас хойш энэ ургамал эрс ховордож байна.
2008 оны байдлаар 20-30см урттай нойтон үндсийг 1кг-ийг нь 750 төгрөгөөр худалдан авч экпортод гаргаж байлаа. Хятадын эмийн сангуудаар хатаасан 1 кг үндсийг 17 доллараар борлуулдагийг 2002 онд Швейцарын иргэн Хелен Менк тодруулсан билээ.
Ургамлыг үндсээр ухаж авдаг учраас нөхөн сэргэх боломж хязгаарлагдмал болдог. Үлдсэн үндсний нарийн үзүүр бие гүйцсэн ургамал бий болгох дахин ургац өгтөл 5-6 жил шаардагдаг.
2002 онд Баруун үзэмчин хошууны Далай нуурын хамгаалалтай газрын захиргааны ажилтнуудтай тус улсын нутагт ургамлын судалгаагаар явж байхад тэндэхийн байгаль хамгаалагч, төрийн захиргааны ажилтнууд “Дэрэвгэр жиргэрүү” ургамалыг түүж, үндэсийг нь ухаж байгаатай тааралдсан тохиолдол бүрийг таслан зогсоож, ухагч багаж төхөөрөмжийг хураан авч хөөж явуулж байхыг харж байлаа. Эмийн шидтэй үндэснээсээ болж нэн ховордож байгаа энэ ургамлыг Өвөр Монголын байгаль хамгаалагчид тууштай хамгаалж буйн нэгэн жишээ энэ байлаа.
Уг ургамалын үндэс түүж экспортод гаргах эрхийн зөвшөөрлийг компаниуд олгосноор тэд нутгийн ажилгүй ядуу иргэдээр түүлгэж хамгийн хямд үнээр худалдан авдаг систем тогтоод байна.
![DivaricataSaposhnikoviaRoot[1]](http://www.nomadgreen.org/wp-content/uploads/2009/06/DivaricataSaposhnikoviaRoot12.jpg)
2004 оны 8-р сарын 5 –ны 165-р тогтоолоор уг ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулсан боловч тодорхой арга хэмжээ авах нөхөн сэргээлт хийгээгүйгээс маш ховор болжээ. Дорнод аймгийн Сүмбэр сумын нутгийн иргэд болон байгал орчны байцаагч Х. Хүрэлхүүгээс тодруулахад том компаниуд жил бүр улирал харгалзахгүй түүж байгаа тул нэн ховордсон гэж ярьж байна.
Эмийн ургамлыг түүж бэлтгэнэ гэдэг амар ажил биш. Хүний биед хор нөлөө үзүүлэх, харшлах тохиолдол элбэг. Тухайлбал энэ ургамллыг газар дээр нь түүж бэлтгэж буй хүмүүсийн гар биеэр улаан юм туурах, загтнах, ярших явдал цөөнгүй байдаг. Тиймээс хямд үнээр зарж өнөө маргаашийн амьжиргааг залгуулж байгаа ч хууч өвчин биедээ тээж үлддэгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна. Тэдний түүж зарсан нэг кг үндэсний үнээр нэг хайрцаг хлорфеномин ч худалдан авч чадахгүй. Өчүүхэн орлогын төлөө эрүүл мэндээ золиослож, ургамлын харшилтай болж насан туршийн өвчтэй үлдэхийн хэрэг байна уу.
2009 оны тавдугаар сарын дундуур элбэг тархацтай газар дээр судалгаа явуулсан боловч нэг ч ургамал олж тэмдэглэсэнгүй.
the attachments to this post:
DivaricataSaposhnikoviaRoot[1]
DivaricataSaposhnikoviaRoot[1]
DivaricataSaposhnikoviaRoot[1]








