Ундны усаа хамгаалах оролдлого засаглалын хана мөргөв
Монгол улсын Үндсэн хуулинд “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан хэдий ч энэ заалт өнөөгийн эрх баригчдын хувьд үл мөрдөх хоосон тунхаг төдий зүйл болохыг Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийг хамгаалахтай холбогдсон нэгэн асуудал хэрхэн хаданд хашгирсан цуурай мэт замхарч байгаа нэгэн баримтаас харж болно.
Энэ талаар өгүүлэхийн өмнө Нийслэлийн цэвэр усны нөөцийн хэмжээ, байдал төлөв ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагын зарим судалгаа, дүгнэлтийг сонирхоцгооё!
Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийн талаархи мэргэжлийн байгууллагын гаргасан судалгааны баримтаас дурдвал “Туул голын хөндийн аллювийн хурдасны уст үе, Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн болон үйлдвэрийн төвлөрсөн усан хангамжийн гол эх үүсвэр болдог ба ус агуулагч чулуулаг нь бул чулуу бүхий элсэн чигжээстэй сайр болон сайргархаг элс юм. Уст үе нь чөлөөт гадаргатай, Туул голын устай гидравлик холбоотой орших ба түүнчлэн агаарын хур тундас болон аллюви-пролювийн уст үеийн усаар тэжээгдэнэ. Аллюви-пролювийн хурдасны уст үе нь Туул голын цутгал болох Толгойт, Сэлбэ, Улиастай голуудын хөндий… Шүүрэлтийн илтгэлцүүр аллювийн уст үеийнхээс бага. Тэжээгдлээ агаарын хур тундас болон голуудын усны нэвчилтээс авна. Харин бусад уст давхрага комплексууд ач холбогдол багатай.” гэж тогтоожээ.
Өөрөөр хэлбэл Туул голын хөндийн аллювийн уст үе, түүний цутгалуудын хөндийг хамарсан аллюви-пролювийн уст үеэс өөр Улаанбаатар хотын хэрэгцээг хангахуйц арвин ихээр цэвэр ус хураагдаж хуримтлагддаг тогтоц бүхий байгалийн усан сан байхгүй. Чухамхүү энэ нөөцийг бий болгоход хөрсний бүтэц нь чухал үүрэгтэйг ч энд тодорхой илэрхийлсэн байна. Харин Туул гол, түүний сав газрын усны хуримтлалыг тэжээдэг зарим цутгалууд, аллюви-пролювийн уст үеийн нэг хэсэг болох Сэлбэ гол үндсэндээ ширгэж хуурай сайр болоод байгаа билээ. Энэ нь нийслэлийн цэвэр усны нөөцийн маань тэжээгдэл хомсдсон гэсэн үг юм.
Туул голын сав дахь гүний усны нөөцийг хоногт 248000 шоо метр гэж тогтоосон байдаг бөгөөд өнөөгийн байдлаар Төвийн эх үүсвэр буюу А станцад холбогдсон 93 худаг, үйлдвэрийн бүсийн эх үүсвэр буюу Б станцад холбогдсон 16 худаг, Мах комбинатын эх үүсвэр буюу В станцад холбогдсон 11 худаг, Дээд эх үүсвэр буюу Г станцад холбогдсон 55 худаг, нийт 175 худгаас /үүнээс хоногт ажиллах худгийн тоо 130 орчим/ хоногт 175000-184000 шоо метр усыг хэрэглэгчдэд хүргэдэг байна.
Гэтэл сүүлийн үед хүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр Туул голын ус ихээхэн татарч зарим үед урсгал нь тасрах болсон нь гүний ус хомсдоход ноцтой нөлөө үзүүлж болохыг мэргэжилтнүүд хэлэх болсон.
Үүнтэй холбоотойгоор Туул голоо хамгаалах талаар олон нийтийн байгууллагууд ч нэлээд ярьж, тэмцэх боллоо. Үр дүнд нь Туул голын дагуух аж ахуйн нэгжийн үйл ажиллаагааг шалгаж цэгцлэх ажлууд ч эхлэж байна.
Гэвч өнөөдөр гол ус хамгаалахаас ч илүүтэй анхаарах ёстой асуудал нь Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн орчны тусгай хамгаалалтын бүсийн газар болоод байна.
Туул голын сав дагуу орон сууцны шинэ хорооллууд босож эхэлсэн тэр үеэс мэргэжлийн байгууллага, хяналтын албад энэ асуудлыг ярьж эхэлсэн ч олон нийт болоод Төр засгийн зүгээс төдий л анхаарал хандуулсангүй.
Гэтэл энэ нь нийслэлийн ундны цэвэр усны нөөцөд хоёр талын хор хөнөөлт үр дагавар бий болоод байгаа билээ. Энэ нь нэгдүгээрт ус цуглуулах талбайг хомсдуулж, барилга барьж хөрсний бүтцийг эвдсэнээр шүүрүүлэх чадамжийг алдагдуулан гүний усны нөхөн тэжээгдлийг бууруулж, нөөцийг багасгах, хоёрдугаарт хөрсийг бохирдуулснаар ундны усаа угаадас болгох аюултай.
Хэдийгээр Туул голын ус ихээхэн бохирдсон ч бохироо урсгалаараа зайлуулан гүний усаа бохирдлоос хамгаалж байсан бол барилга байгууламж барьснаар цэвэр усны нөөцөө ялгадсаараа шууд бохирлох нөхцөл байдал бүрдээд байна.
Миний хувьд энэ асуудалтай холбогдох болсон нь ундны цэвэр усны эх үүсвэрийн орчны ус цуглуулах талбайд баригдсан орон сууцны хорооллын барилгуудыг улсын комиссоор ашиглалтанд хүлээн авах үүрэг ногдсоноор эхэлсэн билээ.
Хэдийгээр баригдсан барилга байгууламжууд нь тохилог, үзэмжтэй, захиалагч, гүйцэтгэгчид нь барилгын ажил гүйцэтгэх дүрэм журмын дагуу бүх л зөвшөөрлийг авсан хэдий ч Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд уг газруудыг олгосон, зарим хэсэг газрыг тусгай хамгаалалтын бүсээс гаргасан Нийслэлийн удирдлагуудын шийдвэрүүд нь Монгол улсын нэлээд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэрэг байлаа.
Тухайлбал, БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Мон-Уран” ХХК-д 300000 м2 газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2000 оны 282, түүнийг цааш нь бусад этгээдэд хэсэглэн хувааж нэр шилжүүлэн олгосон 2006 оны 126, 2007 оны 9 дүгээр сарын 21-ний 451, ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эко констракшн” ХХК-д 200000 м2 газар олгосон 2004 оны 366 дугаар захирамжууд, тэдгээр хууль зөрчсөн буруу шийдвэрүүдийг хамгаалж, Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрийн зарим худгуудыг нүүлгэн зайлуулах шийдвэр гаргасан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 104 болон Нийслэлийн ундны цэвэр усны Төвийн эх үүсвэрийн “А” станцын худгуудыг “газарт оруулах”-аар хийгдсэн “Олимп” хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батласан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 9 дүгээр сарын 6-ны 154 дүгээр тогтоолуудыг дурьдаж болно,“Олимп” хотхоныг барихад зориулж 25 га газар олгосон Нийсэлэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 21-ний 453, БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу тусгай хамгаалалттай бүсэд “Инвекс” ХХК-д урьд нь олгосон эзэмшил газраас “Визамир” ХХК-д 3.25 га, “БНЧ” ХХК-д 3 га газар шилжүүлж олгосоны зэрэгцээ “Инвекс” ХХК-д 127.05 га газар нэмэж олгосон 2008 оны 5 дугаар сарын 7-ны 209 дүгээр захирамжууд нь Хот байгуулалтын тухай Монгол Улсын хуулийн 10.1.1-д заасан “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горимыг зөрчиж газар олгох”-ыг хориглосон заалтыг /Энэ заалт 2008 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1-д мөн хэвээр орсон байгаа/, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан “Байгалийн нөөц газарт /20 дугаар зүйл. Байгалийн нөөц газрын төрөл-ийн 5-д “Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар” гэж заасан/ түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.4.2-т заасан “төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийг Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу; хамгаалалтын бүсийг газрын гадаргад ойр байрлалтай буюу хөрсний ус хялбар нэвтрэх уст үеэс ус авч ашиглавал 500 метрээс багагүй, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 100-200 метрээс багагүй зайд;” тогтоох тухай заалтуудыг, мөн Монгол улсын усны тухай хуулийн 31.2.1, 31.3 дугаар заалтуудыг тус тус зөрчиж Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрт сөргөөр нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байгаа билээ. .
Тиймээс тухайн үед ашиглалтанд өгөхөөр улсын комиссыг ажиллуулсан барилгуудыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах өөрийн эрх, үүргийнхээ хүрээнд Нийслэлийн удирдлагуудын гаргасан газар олголтын буруу шийдвэрүүдийг цуцлуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ.
Гэвч Захиргааны хэргийн хоёр шатны шүүх хүлээж авахаас татгалзав. Шалтгаан нь би ажил үүрэгтэйгээ холбогдуулж шүүхэд хандсан нь “… иргэн хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар…” гэсэн заалтад нийцэхгүй байна гэнэ. Ингэж би төрийн захиргааны ажилтан бол иргэн гэдэгт хамаардаггүй, иргэний эрхээ хасуулсан этгээд болохоо олж мэдэв. Мөн төрийн захиргааны ажилтан иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэггүй болохыг ойлгов.
Гэлээ ч миний уух усыг бохирлож, үгүй хийх гэж байгаа ийм үйл явцыг мэдсээр байж хараад сууж тэвчсэнгүй. Тусгай хамгаалалтын бүсэд хууль бусаар газар олгосон үндэслэлээр нь Авлигатай тэмцэх газарт хандлаа. Тус газраас хууль зөрчсөн байна гэдгийг нь ч хүлээн зөвшөөрөв. Гэвч хэн нэгнийг хэрэгтэн болгож татсангүй. Харин хууль зөрчсөн энэ шийдвэрүүдээ цуцлана уу гэсэн хүсэлт маягийн албан бичгийг Нийслэлийн засаг даргын нэр дээр явуулснаар энэ асуудал өндөрлөв.
Гэхдээ төр засгийн эрх мэдэл ямар энэ хоёроор хязгаарлагдах биш. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина.” гэж заасан бий. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандав. Хариу нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас ирлээ. Уг албан бичигт дурдсанаар бол Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг дарга гуравт дээр дурдсан тогтоол захирамжууд хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нягталж хариуг нь өг гэжээ. Энэ албан бичгийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гарын үсэгтэй, 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/471, 1/475 гэсэн дугаар бүхий хоёр хариу ирэв. Эхнийх нь “Нийслэлийн Засаг даргын захирамжууд болон НИТХТ-ийн тогтоол хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх болон хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах бүрэн эрх …УМХГ-т олгогдсон тул харъяаллн дагуу /тийш нь/ шилжүүлэв.” гэж, удаахад нь “…хууль тогтоомжуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй…” бүтээн байгуулалтын ажилд бүү саад хий гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийслэлийн Засаг дарга хоёроос ямар ч хариу өгсөнгүй.
Гэвч хаширсангүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнийх нь хувьд болоод Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”, 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалтуудын дагуу хууль зөрчсөн НИТХТ-ийн дээр дурьдсан тогтоолыг хүчингүй болгуулахаар УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хоёрт захидал хүргүүлэв. Захидалдаа төрийн захиргааны ажилтан хүн нийгмийн өмнө хүлээсэн өөрийн үүргээ гүйцэтгэх нь хуулиар хориотой байгаа талаар ч дурьдаад авлаа. Гэсэн ч бас л таг чиг.
Ийнхүү төрийн захиргааны жирийн нэг ажилтан миний Нийслэлийн ундны усаа хамгаалах гэсэн чармайлт засаглалын “хана” мөргөв.
Нийслэлийн ундны цэвэр усны нөөц, тусгай хамгаалалтын бүс рүү довтолсон барилгажилтын ажил улам цааш ахисаар…
О.Лхагвадорж
Харилцах утас: 99257715








ус түүнийг хамгаалах хүчиллэг тундас гэж яаг юу вэ устай холбогдолтой мэдээлэл ер нь ховор байдаг юмаа даа