Таацын цагаан, Адгийн цагаан, Улаан,Орог нуурууд ширгэж алга болжээ
Дэлхийн дулаарлын улмаас Монгол орны мөнх цаст сардиг уулсын мөс, цасан оргил хайлж нимгэрсээр байна. Цасны хайлалт 2010 – 2039 оны хооронд жилд 131 см болох аж. 2020 онд дэлхий даяар цэвэр усны хомсдолд орж эхэлнэ гэж эрдэмтэд сануулсаар байна.
2025 он гэхэд 108 тэрбум хүн усны хомсдолтой бүсэд амьдрах болно гэж үзэж байна. 1996 оноос хойш манай улсын хөрсний усны түвшин жил ирэх тусам багассаар өнөөг хүрч буй. Говьд томоохонд тооцогдох Таацын цагаан, Адгийн цагаан, Улаан, Орог нуураас гадна олон гол мөрөн ширгэж алга боллоо.
Ус намгархаг газар нь усны шувууд, биологийн бусад төрөл зүйлээр баялагаараа алдартай Өгий нуурыг 1998 онд Рамсарын гэрээнд бүртгүүлж байсан түүхтэй. Рамсарын конвенц нь усны шувуудын амьдрах орчин болон олон улсад чухал ач холбогдолтой ус нагархаг газрыг хамгаалах ОУ-ын гэрээ юм. Одоогоор Рамсарын гэрээнд Монголын 11 ус намгархаг газар бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн гурав нь ширгэсэн. Гэтэл сүүлийн хэдхэн жилд Өгий нуурын эко систем илт доройтож, түвшин нь дундарч эхлэв. Баян, Бага нуурууд сайр болсон. Одоо Өгий нуур ширгэвэл энэ нутагт амьдрал сөнөнө хэмээн нутгийн иргэд халаглаж сууна.
Монголд давстай, давсгүй 3500 нуур цөөрөм, том жижиг нийлсэн 3811 гол байдгийг 1995 онд бүртгэжээ.
Манай оронд ганц асан Улаан цутгалан хүрхэрээ зураг дурсамж үлдээн үүрд оджээ. Хөдөө нутагт ус бараадан алс хол нүүх, хаа нэгтээ тохиох ганц нэг ундны усаа хүн малгүй тойрон бууж хэт бөөгнөрөл үүсгэснээс бэлчээрийн даац хэтрэх хүндрэл гарсаар буй. Мөрөн голууд маань яагаад татраад ширгэж байна вэ? Энэ бол бидний байгаль эхтэйгээ зүй бус харьцсаны шууд үр дагавар. Мэдээж дэлхий дулаарал бас нөлөөлж буй ч ихэнх нь хүний зохисгүй үйлдэлээс эхтэй. 「Монгол оронд олон сайхан мөрөн гол оршиж асан билээ」 гэх домогтой үлдэх үү. Юутай харамсалтай.
Б.Мандухай
the attachments to this post:





![800px-Mojave_CoyoteDryLake[1] 800px-Mojave_CoyoteDryLake[1]](http://nomadgreen.org/wp-content/uploads/2009/06/800px-Mojave_CoyoteDryLake11-150x150.jpg)
![800px-Mojave_CoyoteDryLake[1] 800px-Mojave_CoyoteDryLake[1]](http://nomadgreen.org/wp-content/uploads/2009/06/800px-Mojave_CoyoteDryLake1-150x150.jpg)



