Яг ижил сэдвээр тус тусдаа хуралдсан хоёр том хурал юу хэлэв?
Намрын дунд сарын шиний гурваны билигт сайн энэ өдөр хурим найртай давхцан Монгол орны байгаль орчины талаар түлхүү дугардаг байгууллагууд гадны хандивлагчтайгаа хамтран цөлжилтийн тухай семинар зохион байгууллаа.
Хөдөө аж ахуйн их сургуулийн экосистемийн төв, Токиогийн их сургуультай хамтран бусад нөхдийн дэмжлэгтэйгээр 「Монгол орны экосистем ба цөлшилт」 сэдэвт олон улсын симпиозум 2009 оны 10-р сарын 21-нд Чингис зочид буудлын хурлын зааланд болсон юм. Хуралд манай орны судалгаа шинжилгээний байгууллага, эрдэмтэд, доноруудын тэтгэлэгээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн төлөөлөл оролцож өдөржин яриа хөөрөө үргэлжилж, төрийн сайд нь хүртэл ирж баяр хүргэлээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70% цөлжөөд байгааг эрхэм сайдын хэлсэн үгэнд тэмдэглэсэн байна. Итгэлүүдийг сонсоод эргэлзээ төрөв. Энэ газрын анхны хэв шинж ямар байсан бэ гэдгийг тогтоож, дараа нь анхны төрхөөс өөрчлөгдсөнийг тодруулснаар цөлжсөн гэдгийг тогтоох ёстой шиг санагдлаа. Энэ олон улсын симпиозумд Япон, Америкийн эрдэмтэд оролцож байна. Нутаг ойролцоо Өвөр Монголд хэрэглэж туршсан элсний нүүдлийг зогсоох, цөлжилтийг сааруулах олон ажлуудын тайланг сонсч суухдаа, тэнд тэмдэглэгдсэн харгана зэрэг сөөг тарьсан ажлын үр дүнг асуугаад хариулт авч чадсангүй.
Ер нь бол цөлжилттэй үнэхээр тэмцэж түүнийг 100% ялна гэдэг ямарч боломжгүй нь илт мэт санагдав. Яг энэ олон улсын симпиозумыг хуулсан мэт 「 Цаг уурын өөрчлөлт ба Дассан зохицох чадавхийн хөгжил」 нэртэй эрдэм шинжилгээний бага хурал Кемпинский зочид буудлын хурлын танхимд 2009 оны 10-р сарын 22 нд болов. Бага хурлыг МУИС, ША, Байгаль орчин аялал жуулчлалын яам болон WASEDA-гийн их сургууль хамтран зохион байгуулж байна. Уг бага хурлыг сонирхох санаатай очсон боловч манайхны хэлдэгээр батгана хошуу ч багтах зайгүй байлаа. Тус хуралд хөтөлбөрийн дагуу нөгөө төрийн сайд мөн л ирж үг хэлээд явсан байна. Өчигдөрийн симпиозумд оролцогсод гадаад , дотоодынхон бүгд очсоноор барахгүй тэд хурал даргалж, итгэл тавьж байна. Энэ бага хуралд Хятадаас эрдэмтэд итгэл тавьж байгаагаараа өмнөх симпиозаас ялгаатай.
Өглөөний хуралдаанд оролцсон хүнээс юу ярилцсаныг сонирхвол яг л ижил юм ярьсан байх юм. Яг ижил юм яри байсан юм бол яагаад заавал тус тусдаа хурал хийж, мөнгө, цаг үрж суудаг билээ? Өөрсдийгөө рекламдах сонирхолтой хэн нэгний зохион байгуулсан үр дүн багатай, мөнгө үрсэн ажил болохыг ойлгов.
Миний танил нэгэн Америк эмэгтэй энэ хоёр ихэр хуралд нилээд өндөр үүрэгтэй оролцож бүр цаашилбал хагас сайн өдөр дахин иймэрхүү хурлыг Бэлчээрийн менежментийн холбоо гэдэг ТББ хамтран зохион байгуулах тухай хуучилж байна. Ер нь ийм их мөнгө хаяж том том хурлууд зохион байгуулснаар цөлшилтийг зогсоодог бол болж л байна. Түүнд ямар ч эерэг нөлөөгүй бол хайран мөнгө. Тэр их мөнгөөр ядуурлыг бууруулах, хүнд өгөөжтэй өөр олон бодит ажлуудыг хийсэн бол сайн сан гэж бодогдлоо.
Бодлого барьж, зохицуулах үүрэгтэй яамд нь энэхүү саланги тусдаа үйл ажиллагааг нэгтгэж зохицуулж болоогүй юм байх даа.
Байгаль орчны төлөө сайн дураар ажилладаг, тэмцдэг хүмүүсийг сурган чадавхижуулж, мэдлэг боловсролд нь тус хүргэвэл гарах үр дүн нь илүү байх сан. Хурлаас хурал дамжин илтгэл тавигсад Монголын байгаль орчны төлөө бодитой ямар ажлыг хийсэн бэ? Тэр тусмаа Монголын газар нутгийн яг хэдэн хувь нь цөлжсөнийг өнөө хүртэл хэн ч тодорхой хэлж чадахгүй байгаа нь эдгээр олон хурал зөвөлгөөн, хандивлагчдын уулзалт үр дүн муутайг харуулж байгаа бус уу.
Хөрөнгө мөнгө үрсэн ийм олон хурлын оронд нутаг орондоо элсний нүүдэлтэй тэмцэж байгаа ТБб-ууд руу илүү анхаарч, тэдэнд оюуны болон санхүүгийн ахиухан дэжмлэг үзүүлээсэй.







