“Том” дарга нар хулгайн модны баригддаггүй сүлжээний арыг даадаг гэнэ үү?

Голын ай сав  дахь модыг хулгайлснаас гол ус урсахгүй болж, дахин сэргэхгүйгээр ой сүйдэж байгаа талаар мэргэжилтнүүд, нутгийн ард ярьсаар байгаа ч байдал улам л даамжирч байна. Модны хулгайчдын арга улам л нарийсч, ойг сүйтгэсээр байна. Ойн санд учруулсан хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол хуулиар эрүүгийн хэрэг үүсгэдэггүй. Үүнийг мэдэх зарим иргэн нийслэл орчмоос жижиглэнгээр түлээний мод зөөх болжээ.

Нийслэлийн байгаль хамгаалах газар эхний хагас жилд 133 шоо метр модны зөрчил илрүүлж хураажээ. Энэ нь морин тэргээр зөөж байсан жижиглэнгийн мод юм. Байгаль хамгаалагчдын яриагаар зөвшөөрөлгүй мод огтолж жижиглэн оруулж ирж гаршсан нутгийн иргэн олон гэнэ. Ойн тухай хуульд зөвшөөрөлгүй бага, их ч хэмжээний мод бэлдсэн, тээвэрлэсэн, борлуулсан иргэнийг 100 мянга, аж ахуйн нэгжийг 200-300 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэхэд бага хэмжээтэй мод авч явбал экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож тэр хэмжээгээр нь торгодог аж.

Харамсалтай нь энэ тохиолдол давтагдвал ямар хариуцлага ногдуулах хуулийн заалт байдаггүй. Өмнө нь эрүүгийн хэрэг үйлдэж байсан этгээд хэрэг давтан үйлдвэл гурваас зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний мод бэлтгээгүй ч давтан үйлдсэн иргэдэд хариуцлага тооцох заалт байх шаардлагатай.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар Туул голын ус хураах талбайгаас бүх төрлийн зориулалтаар мод огтолж авахыг хоёр жилийн хугацаатай хориглосон. Энэ хугацаа 2010 оны тавдугаар сарын 20-нд дуусна. Гэсэн ч гал алдсан иргэд түлээний модонд мэр сэр явдаг нь нууц биш. Бүх төрлийн хэрэгцээний мод авахыг хориглосон учир түлээний зориулалтаар ч авч болохгүй. Гэтэл зарим иргэн олон удаа зөрчил гаргасан ч дархлагдсан байдаг гэнэ.

Хулгайн модны баригддаггүй сүлжээ байдаг талаар албаны хүмүүс ярьдаг. “Том” дарга нар тэднээс авлига авч ар талыг нь хамгаалдаг гэх. Бас болоогүй хулгайн мод нь энэ төрлийн зөвшөөрөл олгодог байгууллагын дарга нарын нууц бизнес болсон гэх яриа хэвшмэл болжээ. “ЗИЛ-130″, “ЗИЛ-31″ маркийн туулах чадвар сайтай машин хөлөглөсөн модны хулгайчид байгаль хамгаалагчдыг дөнгөх башир аргатай. Тухайлбал, орон нутгаас ямар ч улсын дугааргүй машинаар модоо оруулж ирнэ.

Хэрэв байгаль хамгаалагчид баригдаж цагдаагийн хэлтэст шилжвэл тэдний гараас мултарсан гэсэн үг. Тодруулбал, цагдаагийнханд улсын дугаар, бичиг баримтаа үзүүлээд л зөрчилгүй болдог аж. Өөр нэг башир арга нь зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсан машиныг байгаль хамгаалагч хөөж барихыг оролдвол өөдөөс нь ачааныхаа бэхэлгээг авч мод өнхрүүлэхээр зэхэж айлгадаг байна.

Манай улсад байдаг “ЗИЛ-130″, “ЗИЛ-31″ маркийн ихэнх машиныг мод тээвэрлэхэд ашиглагддаг гэвэл хилсдэхгүй. Үүнээс өөр мод тээвэрлэхэд тохирсон машин олдохгүй. Тиймээс модны хулгайчдын гол хэрэгсэл болох авто машиныг журамлах нь хамгийн зөв арга биш гэж үү. Тухайлбал, ямар ч улсын дугааргүй машинаар мод ачиж яваад баригдсан хүмүүсийн тээврийн хэрэгслийг журамлах юм. Гэхдээ гурваас зургаан сараар журамлах хэрэгтэй. Ингэвэл модны хулгай идэвхжих үеэр тээвэрлэх машин ховордоно. Нөгөөтэйгүүр, журмын хашааны төлбөр замбараагүй болох тул хашрахгүй гэж үү.

2005 оны 6-р сарын 1-ний байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 19,0 сая га үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га талбайг эзэлж байна. Ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлж байгаа учраас манай улс дэлхий нийтийн жишгээр ойн нөөцөөр ядуу орны тоонд хамаарагддаг. /БОАЖЯ/

“Мянганы сорил”-ын зорилтод зааснаар 2015 он хүртэлх хугацаанд Монгол орны ойн сангийн нөөцийг 15% -д хүргэх зорилго тавин ажиллаж байна.

Модны ашиглалт мод ашиглалтын бүсүүдэд зөвшөөрөгдсөн тухайн жилийн хамгийн дээд хэмжээнээс дор хаяж 4 дахин их байна .

Засгийн газар, БОАЖЯ, түүний хэрэгжүүлэгч тамгын газруудаас Монгол орны модны хэрэгцээнд зориулан мод бэлтгэлийн компаниудад 1 жилд 200-800 м.куб нойтон модны зөвшөөрөл өгдөг. Зарим тохиолдолд 50 м.кубыг өгөх тохиолдол ч байдаг.

Нэг Аж Ахуйгн нэгж байгууллага /ААНБ / 24 цагт ойролцоогоор 4 машин мод боловсруулж зүсэх хүчин чадалтай. Нэг машины тэвшин дэх бөөрөнхий мод 6-8 м.куб байх боловч тэдгээрийн ойд үлдээсэн үзүүр, ёзоор, мөчрийг оролцуулан тооцвол ойролцоогоор 10 м.куб. Өөрөөр хэлбэл нэг мод бэлтгэлийн ААНБ хоногт 40 м.куб мод зүснэ. Хэрвээ хавар намрын хуурайшилттай 6 сарын турш тэдний үйл ажиллагаа бүрэн зогсдог гэдэгт итгэх юм бол  идэвхтэй ажиллах 6 сардаа нэг аж ахуйн нэгж нь 7200 м.куб мод бэлтгэдэг. Төр захиргаанаас зөвшөөрсөн мод бэлтгэх хэмжээнээс 9-36 дахин ихээр мод  уулнаас огтолдог, бэлтгэдэг.

Монгол улсын хэмжээнд яг хэдэн мод боловсруулах ААНБ байдгийг яг тодорхой хэлж үнэндээ мэдэхгүй юм. Миний мэдэж байгаагаар Хамгийн их нь Сэлэнгэ аймагт байгаа бөгөөд Сэлэнгэ  аймгийн Мандал сум /Зүүнхараа/ -ын төвд 10 орчим /тэдний дунд Монголын төмөр замын дэр мод бэлтгэх том үйлдвэр байдаг/, Мандал сумын V баг буюу Түнхэл тосгонд 10 сам рам бүхий ААНБ /би энд зөвхөн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ыг тоочиж байна. хулгайгаар мод зүсдэг хөрөөтэй хүмүүсийн тухайд бол би тоог нь гаргаж үнэндээ хүчрэхгүй/, За мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Бугант зэрэг сумдад зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй мод зүсдэг ААНБ, иргэд байгаа, Төв аймгийн Батсүмбэр, Борнуур сумдад мөн л байгаа.Хөвсгөл, Хэнтийн тухайдч гэсэн модны хулгай байдаг боловч зах зээлээсээ арай элслагдсан болохоор чихнээс хонх уях нь харьцангуй бага байна. Дэлхийн банкны тоон мэдээнээс үзхэд:

  • Жилд бэлтгэх нийт модны 36-80%-ыг хууль бусаар бэлтгэж байна.
  • Нийт бэлтгэгдсэн модны 65-80%-ыг зөвхөн түлээнд зарцуулж байна.
  • Харин насны хувьд шинэс 80-100, нарс 60-80 жил байдаг.
  • Шилмүүст модны үрсэлгээг сайн арчилбал 2-3 жилийн дараа 3-4 см өндөр ургана.
  • Шинээр 2007 онд батлагдсан ойн тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр огтолсон модны экологи эдийн засгийн хохирол 108000 төгрөгөөр давсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээр заасан байдаг. Жишээ нь ЗИЛ-130 маркын ачааны автомашинаар тээвэрлэж буй цэвэр зүсмэл материалын хэмжээ 8-10 м.куб байдаг байна.
  • Шилмүүст модны “ойн тухай хууль”-аар арга хэмжээ авах зөвхөн экологийн хохирлын хэмжээг 1 м.куб нь 36000-55000 мянган төгрөгөөр тогтоож өгсөн байдаг.

Улсын мэргэжлийн хяналтын газар шалгалт явуулж байгаа ч хүчрэхгүй байна гэлээ. Иргэд хулгайн модоо битүү бүрхүүлтэй машин, эсвэл ачааны доор нуух мэтээр оруулж ирэх болжээ.

Тиймээс Мэргэжлийн хяналтын газар “Цайз”, “Доной”, “Цолмонбадрах” зэрэг захуудыг түр хугацаагаар хааж, модны дагалдах эрхийн бичгүүдийг шалгасан байна. Шалгалтын явцад хууль бусаар оруулж ирсэн шургааг, палкийг хурааж, гурван аж ахуйн нэгж, 18 иргэнд мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.  Үүнээс гадна барилгын компаниуд ой сүйтгэгч болоод удаж байгаа аж. Сүүлийн үед барилгын хэв хашмалын тулаасанд залуу модыг ихээр хэрэглэх бол­жээ.  Мэргэжилтнүүдийн мэ­дээлснээр наймдугаар сард  48 барилгын компанийн үйл ажиллагааг шалгахад бүгд их хэмжээгээр залуу мод ашиг­лаж байсан нь тогтоогджээ. Дээрх байгууллагуудаас 3200 шургааг хурааж, торгосон байна


One Comment to ““Том” дарга нар хулгайн модны баригддаггүй сүлжээний арыг даадаг гэнэ үү?”

  1. callas says:

    Энэ мод бэлтэгдэг, хулгайлдаг, устгадаг хүмүүсийн өөрсдийнх нь гар хөлийг огтолмол таарна.

Leave a Reply