Хүлэмжийн хийг бууруулах төсөлд хүссэн бүхэн хамрагдаж, үр дүнгээ худалдах боломжтой

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, агаарын бохирдлын гол шалтгаан нь хүлэмжийн хийн хуримтлал, нарны энергийн хуримтлал ба дулаарал, тектоник хавтны шилжилт хөдөлгөөн, дэлхийн тэнхлэгийн эргэлтийн өөрчлөлт, галт уул, далайн урсгалын өөрчлөлт байдаг байна.

Ингэхэд хүлэмжийн хий гэж чухам юуг хэлдэг вэ? Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх дулааны энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурийг нэмэгдүүлж буй доорхи химийн бодис, нэгдлүүд нь хүлэмжийн хий гэж тооцогддог аж. Үүнд:
Нүүрсхүчлийн хий 9-26%,
метан 4-9%,
усны уур, тоос 36-72%,
озон 3-7%.

Нүүрсхүчлийн хийн хуримтлал нь уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн ихээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл дэлхийн дулаарлын гол буруутан нь өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн бохирдуулагч бодисууд юм.

Дэлхий нийт олон жилийн өмнөөс хүлэмжийн хийг бууруулах гэрээ хэлэлцээр байгуулж, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байгаа. Үүний хамгийн анхны гэрээ хэлэлцээр нь 1992 оны 6 дугаар сард баталсан UNCED/Earth Summit аж. Уг гэрээний дагуу Байгаль орчин, хөгжлийн Риогийн тунхаглал, Agenda 21, Биологийн төрөл зүйлийн конвенци, НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенци/Forest Principle (1993-9-30, 1994-3-21) зэрэг батлагджээ. Дараагийнх нь 1997 оны 12 дугаар сард баталсан Киотогийн протокол юм байна. Манай улс уг протоколд 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэгджээ. Одоогийн байдлаар уг протоколд дэлхийн 183 улс орон нэгдээд  байна. Хамгийн сүүлийнх нь буюу 2001 онд батлагдсан Марракешийн гэрээ. Энэ гэрээгээр 2008-2012 онуудад дэлхийн хэмжээний нийт хүлэмжийн хийг 1990 оны түвшингээс 5.2% буюу түүнээс илүү хувиар бууруулах зорилт тавсьан байна.

Энд зөвхөн манай Монгол орны нэгдсэн гэх Киотокийн протоколын тухайд авч үзье. Дээрх протоколийн дагуу аж үйлдвэржсэн 40 улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол үүргээ 2008-2012 оны хооронд биелүүлсэн байх ёстой аж. Протоколын зорилтот түвшин нь хүлэмжийн хийг бууруулах, өөр хоорондоо зах зээлийн үнээр худалдах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлт хийх, шилжүүлэх явдал юм. Киотогийн протоколыг хэрэгжүүлэх гурван төрлийн механизм байдаг.
Үүнд:
1. Хамтран хэрэгжүүлэх (Joint Implementation-JI)
2. Цэвэр хөгжлийн механизм (Clean Development Mechanism-CDM)
3. Ялгаруулалтын (Хүлэмжийн хийн) худалдаа (Emision Trading-ET)
Дээрх гурван арга замаас манай улс хоёр дахь нь буюу Цэвэр хөгжлийн механизм /ЦХМ/-г хэрэгжүүлэх нь улс орны онцлогт тохирно хэмээн сонгож авчээ.
Тэгвэл энэ цэвэр хөгжлийн механизм гэдэг нь юу вэ? Энэ талаар та бүхэнд ойлголт өгье. Нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлтийн явцыг удаашруулах санаачилгыг дэмждэг хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн ололт амжилтыг дэмжих. Хоёрдугаарт Киотогийн протоколд тусгасан нийт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын биелэлтэд хувь нэмэр оруулах. Гуравдугаарт аж үйлдвэр хөгжсөн орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэхэд нь тус болох явдал юм байна.
Нэг өгүүлбэрээр хэлбэл Монгол улсын аж ахуйн нэгж, иргэд нь хүлэмжийн хийг бууруулах төсөл хэрэгжүүлж, бууруулсан дүнгээ бусад улсад худалдах боломжийг олгож байгаа юм байна.
Манай улс хүлэмжийн хийг бууруулах олон улсын хэлэлцээр, цэвэр хөгжлийн механизмыг хэрэгжүүлэх боломж бий. Учир нь Цэвэр хөгжлийн механизмын Үндэсний товчоо гэж байгуулагджээ. Энэ товчоо нь БОАЖЯ-ны харъяанд 2004 онд анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэж, албан ёсоор бүртгүүлжээ.
Дээрх ЦХМ-ын Үндэсний товчоо нь Хүлэмжийн хий бууруулах төслийг бүртгэх, хүлээн авах, үнэлгээ өгөх, батлах үйл ажиллагаа явуулдаг тул иргэд, ялангуяа, байгаль орчноо хамгаалдаг, хайрладаг, тэмцдэг, дуу хоолойгоо хүргэдэг нийт аж ахуйн нэгж, хувь хүн энэ ажиллагаанд хамрагдах бүрэн боломжтой.
ЦХМ-ын төсөлд хамрагдах үе шат:
- Төслийн санааг БОАЖЯ-ны ЦХМ-ын Үндэсний товчоонд бүртгүүлэх
- Төслөө боловсруулж ЦХМ-ын Үндэсний товчоонд хүргүүлэх
- ЦХМ-ын Үндэсний товчоогоор төслийг үнэлүүлэх /Байгаль орчин, нийгэм, эдийн засаг технологи, арилжааны болон хэрэгжүүлэх боломжтой байдлыг үнэлж эерэг нөлөөтэй эсэхийг үнэлнэ/
- Магадлагаа хийлгэх /ЦХМ-ын шаардлагад нийцэж буй эсэхийг Хөндлөнгийн бие даасан тусгай эрхт байгууллагаар Хүлэмжийн хийн бууруулатын хэмжээг тодорхойлуулах/
- ЦХМ-ын баталгаат төслөө бүртгүүлж, төслийг хэрэгжүүлж эхлэх
- Төслийн гүйцэтгэл дууссаныг нотлох /Хөндлөнгийн бие даасан тусгай эрхт байгууллагаар төслийн хэрэгжилтийг баталгаажуулж, Хүлэмжийн хийн бууралтын хэмжээг баталгаажуулах/
- Баталгаажсан хүлэмжийн хийн бууралтаа худалдаж эхлэх /Баталгаажсан хүлэмжийн хийн бууралтаа олон улсын Нүүрсхүчлийн хийн Сан (Carbon Fund) –уудад худалдаална.
Баталгаажсан хүлэмжийн хийн ялгарлыг СО2 буюу Нүүрсхүчлийн хийгээр хэмжих нэгж болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл 1CER=1 тонн нүүрсхүчлийн хий гэсэн үг. Нэгэнт хүлэмжийн хийг худалдаалж эхэлсэн бол тухайн худалдаж авахаар гэрээ хийсэн байгууллага, аж ахуйн нэгжтэй 7-10 жилийн хугацаатай гэрээ хийгдэх нөхцөлтэй гэнэ. Жишээлбэл манай оронд ЦХМ-ын дөрвөн төсөл бүртгэгдээд, хэрэгжиж байгаа бөгөөд жил бүр 251 000 CER бууруулах буюу 4.5 сая евро авах боломжтой болоод байна.
Манай оронд хэрэгжүүлж болох ЦХМ төслийн чиглэлүүд:
1. Сэргээгдэх эрчим хүч:
- Биомасс
- Биохий
- Ус
- Газрын гүний дулаан
- Нарны эрчим хүч
- ХАА

2. Эрчим хүчний үр ашиг:
- Эрчим хүчний үйлдвэрлэл
- Цементийн үйлдвэрлэлийг сайжруулах
- Барилгын материал үйлдвэрлэл
- Эрэлт талын хэмнэлт, үр ашиг
- Төмрийн үйлдвэрлэл
- Хий

3. Түлш солих:
- Нүүрсний хий
- Менанол
- Шингэрүүлсэн хий

4. Хог хаягдлын менежемент:
- Хог хаягдлыг ашиглах
- Бордоо
- Дахин ашиглах
- Хаягдал усны менежмент

5. Нүүрсний уурхай:
- Уурхайн метанийг ашиглах гэх мэт.
Дээрх үйл ажиллагаан дахь Голомт банкны оролцоо:
- Харилцагчдад ЦХМ-ыг танилцуулах, мэдээлэл өгөх
- Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчдэд ЦХМ-ын хөтөлбөрт хамруулах, зуучлах
- ЦХМ-ын төсөл хэрэгжүүлэгчийн баталгаажсан бууралтыг KfW банкинд худалдах, зуучлах
- ЦХМ-ын хөтөлбөр төслийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чиглэлээр дээрх төслийг дэмжиж, ажиллаж эхэллээ.


the attachments to this post:

Global-Warming
Global-Warming

utaa2
utaa2


No Comments so far.

Leave a Reply