ЭМНЭЛЭГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ТУСАД НЬ ШАТААХ ЗУУХ МАНАЙД БАЙДАГГҮЙ

Нийслэлчүүд биднийг өглөө 06,00-10,00 цагийн хооронд ажил, сургууль, цэцэрлэгтээ явах зуур Эх нялхасын дээгүүр хар утаа байнга гарч байдгийг санах буй за. Санахгүй, эсвэл огт хараагүй  бол тэр хавиар явах замдаа зориод нэг хараарай. Хар утаа гарч байгаа.

Эмнэлгийн хаягдал шатаагч Д.Чимидцэрэн Эх нялхасын эрдэм шинжилгээний төв /ЭНЭШТ/-өөс гарах хаягдлыг шатаадаг болсноор таван жилийг ардаа орхижээ. Ингэхдээ хугацаа нь дууссан эм, зүү тариур, амаржсан эхчүүдийн ихэс, тэр ч бүү хэл дутуу төрсөн хүүхдийн цогцсыг хүртэл шатааж устгадаг байна. Тэрээр өдөрт  600 кг орчим хог устгадаг. Харин цаас, гялгар уут зэрэг ахуйн хогийг эмнэлгийн хашаанд байрлах задгай хогийн саванд хийдэг байна. Тус төвийн зүүн урд байрладаг хаягдал  устгах зууханд шатсан хогны хий нь Тэц-4-ийн яндангаас гарах утаа шиг л уугина. Харин гарах утааны хувьд илүү хортой гэдэг нь ойлгомжтой.  Учир нь эмнэлгийн шатааж байгаа хог хаягдал хортой бодис ялгаруулдаг.

Гэр хорооллын, машин техникийн, үйлдвэрийн, мөн манай эмнэлгүүдийн шатааж буй хаягдлаас хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, тоос, хар тугалга зэрэг   химийн хүнд элемент бүхий 200 төрлийн хорт бодис ялгарч байна. Хүн анагаах ач тустай газар маань өөрсдөө ч мэдэхгүй өвчтөнүүдээ чимээгүй хордуулж буйгаа мэдэж байгаа болов уу?

Эдгээр хорт хий уушгины хавдар үүсгэж, хүүхдийн дархлалын системийг устгадагийг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Хар тугалга хүний биеийн төв мэдрэлийг гэмтээж, жирэмсэн эх болон урагт нөлөөлж ясанд удаан хугацаагаар хадгалагдан үлддэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь зүрхний шигдээстэй болгож, хүүхдийн дутуу төрөлтийг нэмэгдүүлдэг бол хүхэрлэг хий нь амьсгалах замын эрхтний хамгаалах тогтолцоог алдагдуулж, ханиалга, нүд бүрэлзэх, хорсох, цээж хөндүүрлэх, уушгины архаг өвчнийг үүсгэдэг байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь хамгийн хүнд хэлбэртээ хүрч, дэлхий дээр  агаарын бохирдол нь дээд цэгтэй хүрсэн нийслэлийн тоонд орсон судалгаа саяхан гарсан. Тиймээс ч үүнийг бууруулах зорилгоор Агаарын тухай хуулийг баталсан. Тус хуульд “Суурин газрын агаарыг хорт хаягдалтай, эвгүй үнэртэй бодис, хаягдлаар бохирдуулах, хог хаягдлыг ил задгай, зориулалтын бус газарт хаях, шатаахыг хориглоно” хэмээн заасан байдаг.  Гэтэл манай эмнэлэгүүдийн хог хаягдлаа шатааж байгаа нөхцөл энэхүү хуулийг зөрчиж байгаа юм.

Эмнэлгүүд хаягдлаа тусгай зууханд шатаах ёстой

Дэлхийн жишигт эмнэлгийн хаягдлыг хамгийн хортойд тооцон хүний хөлөөс зайдуу, байгальд хоргүй газар устгадаг байна. Ингэхдээ тусгайлсан утаа шүүх шүүлтүүртэй зууханд хаягдлыг устгана. Харин манайд ийм нөхцөлөөс эрс өөр, тусгайлсан шүүлтүүртэй зууханд биш энгийн зууханд шатааж, тэр бүү хэл хогоо ил задгай хэнэг ч үгүй хаяж байгаа нь энгийн үзэгдэл болсон.

Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвийн хаягдал шатаах зууханд ойртоход эхүүн эвгүй үнэр хамар цоргиж, ойр орчмыг муухай үнэртэй утаагаар угина. Цахилгаан станцнаас гарах утаа шиг уугих эмнэлэгийн шатаасан утаа агаарт удаан хугацаагаар оршиж, наад зах нь гадаа салхи амьсгалах гэж гарсан эмнэлгийн өвчтөнүүдэд ч муугаар нөлөөлдөг нь лавтай. Эмнэлгийн  ойр орчинд амьдардаг айл өрхийн тухайд бол бүүр я ярих юм биш. Уг нь тэд эрүүл орчинд амьдрах эрхтэй гээд зарга мэдүүлэх бүрэн эрхтэй юм шүү дээ.

Дэлхийн жишигт нийтсэн шатаах зуухтай болмоор байна

Хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөөд байгаа эмнэлэгүүдийн шатаасан хог хаягдлаас гарах хорт хийг дэлхийн жишигт нийцсэн шатаах зуух бага ч болов шийднэ.   Уг нь Эрүүл мэндийн яам эмнэлгийн хаягдлыг халдваргүйжүүлсэний дараа утсгаж байх тушаал гарсан. Харин зориулалтын шатаах зуухтай болох талаар  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хавдар судлалын улсын байцаагч Н.Нарантуяа “Эмнэлгийн хаягдлыг заавал шүүлтүүртэй зууханд шатаах ёстой. Гэхдээ одоогоор манайд тийм зуух байхгүй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгүүд  хаягдлаа халдваргүйжүүлсэний дараа устгаж байгаа” гэж ярьж байсан юм.

Олон жилийн турш хог хаягдлаа шатааж агаарын бохирдол хүнд хэлбэртээ орчихоод байна. Холбогдох албаны хүмүүс эмнэлгүүдийн хог хаягдлыг шатаах зориулалтын зуухны асуудлаа хурдан шийдээсэй.


No Comments so far.

Leave a Reply