СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨР МАНАЙ УЛС БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Та өмнө нь нийгмийн өвчин гэж сонссон уу? Нийгмийн өвчин гэхээр л стресс дарамт сэтгэцийн гажиг гэх мэт сэтгэл зүйтэй холбоотой өвчин гэж бодож байна уу? Тийм биш шүү .
Та гадуур алхаж байхдаа эсвэл зам дагуу зарлалын самбарууд дээр сүрьеэ эдгэрдэг өвчин гэсэн тододтголтой зарлал байхыг харж л байсан байх. Дэлхий нийтэд СҮРЬЕЭ гэх өвчинг нигймийн өвчин гэж нэрлэдэг юм байна.
Сүрьеэгээр өвчилсөн нэг хүн жилд 15-20 хүнд халдвар тараадаг гэнэ. Дан ганц сүрьеэгийн нян туссанаар сүрьеэтэй болдоггүй. Ихэвчлэн дархлал нь сул эсвэл БЗХӨ болон уушгины өвчтэй буюу ямар нэгэн давхар өвчинтэй бол сүрьеэ тусах магадлал асар их байдаг.
Өнгөрөгч онд манай оронд сүрьеэ туссан хүний тоо хамгийн их байсан. Сүрьеэгээр 4218 хүн өвчилсний 101 хүн нас барсан аж. Манай орон бүс нутгийн хэмжээнд тус өвчний өвчлөл өндөртэй долоон орны тоонд ороод байгаа юм байна. Үүнээс үзэхэд монголчууд бид сайн талаараа дэлхийд тэргүүлдэггүй, саар үзүүлэлтээрээ тэргүүлэгчдийн эгнээндбагтдаг байх нь ээ. Энэ бүхний цаана монголын эрүүл мэндийн салбар хэр хэмжээнд хөгжиж, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд хэр их хэмжээгээр анхаарч буйг илтгэн харуулж байгаа юм. Дан ганц эрүүл мэндийн салбар гэхгүй монголын нийгмийн орчин хэр сул дорой байгааг уг тоо баримт бас илэрхийлж байна.
Ингээд би уг өвчин туссан хүнээс зарим нэгэн зүйл лавлаж асуух завшаан тохиосон юм. Өөрийнх нь тухай ямар нэгэн мэдээлэл хэлэхгүй байх болзолтойгоор яриа өгсөн юм.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та анх энэ өвчин туссан гэдгээ хэрхэн мэдсэн бэ?
Зочин: сайн. Сайн уу? Би гадаад явах болоод эмнэлэг орж шинжилгээнүүд хийлгэсэн юм. Угаасаа гадаад явахад зарим нэгэн шинжилгээний материал бүрдүүлж ир гэж хэлдэг шүү дээ. Тэгээд эмнэлэгт уушгиныхаа зургийг авахуулсан чинь эмч нь надад чиний уушги жоохон сонин гарчээ. Чи ахиад сайн гэрэлд харуулаад зураг авахуулаад ир гэсэн. Тэгээд нэмэлт шинжилгээ өгсөн чинь сүрьеэтэй байна гэсэн дээ.
Ийм өвчтэй гэдгээ мэдээд та болон танай гэрийнхэн хэрхэн хүлээж авсан бэ?
Зочин: Манай гэрийнхэн гайхаад лам хард үзүүлээд бөөн юм болсон. Би найз охиндоо хэлэхэд надаас бараг салах байх гэж бодож байсан. Харин тэрэнд хэлэхэд намайг сэтгэлээр дэмжиж харин ч миний бодож байснаас эсрэгээр хүлээж авсан шүү. Эдгэрдэг өвчин гэж сонссон. Хоёулаа хамтдаа хичээгээд эрүүл болно оо гэсэн.
Тийм үү? Танай найз охин чинь их сайн хүн байна. Ингээд хэр хугацаанд яаж эмчилгээ хийлгэсэн талаараа хэлэхгүй юу?
Зочин: ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасагт бараг 2 сар гаруй хэвтсэн. Тасралтгүй эмнэлэгээс хийсэн эмчилгээндээ явж нилээд хэдэн эм уусан даа. Дараа нь эмнэлгээс гарчихаад 6 сарын турш тасралтгүй эм ууж сая 12 сарын дундуураас ууж дуусгасан.
Та ямар нэгэн дэглэм сахиж байсан уу?
Зочин: Эмнэлэгт байх хугацаандаа байнга амны хаалт зүүж өвчтөний палатаар хэсэхгүй байх шаардлага тавьсан. Магадгүй сүрьеэ туссан хүмүүсийн өвчний үе нь харилцан адилгүй байдаг болохоор тэгж сэлгүүцэхийг хорьсон байх гэж боддог. Дээр нь эмнэлэгт байхад өвчтөнүүдийн ихэнх нь их турж, харлаад их л царай алдсан байдаг юм билээ.
Асуултанд хариулж уг өвчний талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэе дахин баярлалаа.
Зочин: зүгээр зүгээр. Эртхэн л эмнэлэгт үзүүлж байгаарай гэж хэлмээр байна.
Ингээд бид яриагаа өндөрлүүлсэн юм. Өнөөгийн нийгэмд хүний мөс гэдэг зүйл алдагдаж байгаа цагт уг зочны маань найз охинд би өөрийнхөө зүгээс баярлаж талархсанаа хэлмээр байна. Өвчин туссан л бол баяртай гэж хэлэх биш хамтдаа эрүүл болохын төлөө зүтгэцгээе гэж хэлэх тийм л хүмүүс монголд их байгаасай гэж хүсч байна. Ингээд иргэд олон нийтийн эрүүл амьдрахуй хйигээд эрүүл ахуйн боловсролд бага боловч хувь нэмэр оруулах үүднээс уг өвчин хэрхэн үүсдэг, ямар онцлогтой, түүний шинж тэмдэг хэрхэн илэрдэг талаар товч мэдээллийн хүргэе.
Tuberculosis буюу СҮРЬЕЭ нь хүний бие эрхтэнийг тэр дундаа уушгинд нэг болон олон тооны сүрьеэгийн микробактерийн голомт үүсгэдэг ХАЛДВАРТ өвчин юм. 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох анх уг өвчний халдвар үүсгэгчийг нээн илрүүлсэн. Иймээс ч сүрьеэгийн халдвар үүсгэгчийг уг эрдэмтний нэрээр буюу кохын савханцар гэж нэрлэжээ. Одоогоос 4500 жилийн настай археологийн олдвороос сүрьеэгээр өвчилж байсан шинжтэй шарил олджээ. Үүнээс үзэхэд уг өвчин их эрт дээр үеийн өвчин гэж хэлж болох юм. Сүрьеэгийн нянг хүн гэж үзвэл олон хүмүүсийн дундаас од болон гялалзаж байгаа алдартай нэгэн гэж хэлж болно. Учир нь Кохын савханцар нь бусад өвчний нянгуудаас нэлээд өвөрмөц онцлогтой. Үүнээс дурдвал:
- Сүрьеэгийн нян хүний биед ороод өвчин үүсгэхгүйгээр насан туршид хадгалагдан амьдрах чадвартай.
- Сүрьеэгийн микробактери нь бусад өвчний нянг бодвол өсөлт нь удаан хоногт нэг нь хоёр болж үрждэг.
- Хамгийн зэвүүн нь уг өвчнийг үүсгэгч нян нь цасанд, газарт, спиртэнд, хүчил болон шүлтлэг орчинд тэсвэртэй гэнэ. Гагцхүү нарны шууд гэрэл, өндөр температурт, болон хлор агуулсан уусмалд амархан үхдэг.
Хэрэв сүрьеэ тусчихвал уг өвчний нянг биеэсээ гаргана гээд ямар бүх биеэ задлан хувааж нарны шууд гэрэлд шаралтай ч биш. Хүний амьдралд сайн хүн гэж байхад муу хүн гэж бас байдаг. Үүний адилаар Хор гэж байхад ерөндөг гэж бас байх юм. Иймээс Сүрьеэ тусчихвал шууд эрлэгийн үүдийг татахгүй гэсэн үг.Тодорхой хэмжээгээр сүрьеэгийн эм тан ууж эцсийг нь үзэж байж там эсвэл диваажин руу явахаа шийдэх хэрэгтэй.
Нэг үе энэ өвчний нэрийг сонсоод паах пээ гэж сэжиглэн сүрьеэ туссан хүний хажууд байхаас цэрэвдэг байсан бол сүүлийн жилүүдэд хүмүүс уг өвчинг нэг их тоохоо байжээ. Уг өвчны талаар олон нийт зурагт радиогоор гаргахгүй байгаа нь иргэдэд ингэж ойлгоход хүргэсэн байх. Сүрьеэ танаас хол байна гэж ойлгож болохгүй. Учир нь таны эргэн тойронд хүн байгаа цагт уг өвчин танд халдах бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл сүрьеэгээр өвчилсөн хүн таны хажууд зогсож амьсгалж байгаа бол та уг өвчнөөр өвдөх бүрэн магадлалтай.
Гэхдээ нэг зүйлийг анхаарч ойлгох хэрэгтэй. Тэр юу вэ гэвэл хэдий таны биед сүрьеэгийн нян орсон ч идэвхгүйгээр таны биед тээгдэж байх боломжтой. Өөөрөөр хэлбэл сүрьеэгийн нян хүний биед ороод өвчин үүсгэхгүйгээр насан туршид амьдрах чадвартай хадгалагдаж байдаг. Харин унтаа идэвхгүй байгаа нянг бие организмын болон гадаад орчны олон хүчин зүйлүүд сэрээдэг. Сүрьеэгийн нян нь хүний биед амьсгалаар нэвтэрч ороод далд нян үржих үедээ цусаар тархаж дархлалын өвөрмөц болон өвөрмөц бус тогтолцоог сэрээх ба, тухайн хүний биеийн эсэргүүцэл сайн бол өвчин үүсдэггүй байна. Чухам энэ үед халдвар орсоноос дархлал тогтоох, тогтол хүртэл хүний биеийн янз бүрийн эрхтэнд зовиургүй,гэрлийн болон бусад шинжилгээгээр мэдэгдэхгүй, өвөрмөц эдийн өөрчлөлт бүхий жижиг голомт сууж үлддэг байна.
Цаашлаад та өөрийгөө уг өвчин туссан эсэхээ мэдэж хэрхэн өөрийгөө хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл дараах зүйлийг уншаад асуултынхаа хариултыг олоорой.
Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:
- Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал
- Хангалтгүй хооллолт
- Архи, тамхи ,мансууруулах бодис хэрэглэх
- Дархлаа сулрах
- Стресс
- Дагалдах өвчнүүдтэй байх (чихрийн шижин, уушгины өвчин, ходоод гэдэсний шархлаа гэх мэт)
Шинж тэмдэг:
- Бие сульдах, амархан ядардаг болох
- Хооллох дур багасах, богино хугацаанд 5-10кг турах
- Шөнөөр хөлрөх
- Биеийн хүчний ажил хийхэд амьсгаадах
- Ханиалгах, цустай цэр гарах
- Нүдний харц гялалзсан болох зэрэг тэмдэгүүд илэрдэг байна.
the attachments to this post:








