ТЭНГЭРИЙН ЧИМЭГ
Шувуудын жиргэнээн, хайр дурлалын илэрхийлэл улаан ягаан сарнай цэцэгс, эргэлдэн нисэх эрвээхэй, ойд яваа амьтад энэ бүгд бидний амьдралын аз жаргалын нэгэн хэсэг гэж бодном. Эдгээрийн дундаас хүмүүстэй хамгийн их харилцаатай байдаг амьтан бол шувууд юм. Та одоо цонхоороо хараарай.
Цасан дээр унасан талхны хальсыг шуугиант бор шувуу хувааж байна. Тэд өвөл ч, зун ч хүний дэргэд байдаг, тэдний бүх амьдрал ингэж амьдрахад зохицсон юм. Шаажгай, хэрээ, тагтаа бүгд хүмүүсийн дэргэд байна. Гэтэл дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт бидний үнэнч анд болох эдгээр амьтдад мөн адил аюул нүүрлээд байна.
Шувуудыг дотор нь нүүдлийн ба суурин гэж 2 хуваан авч үздэг байна. Манай оронд 19 багийн 61 овгийн 204 төрөлд хамаарах 472 зүйл шувууд байдгаас монгол оронд суурьшсан 80 гаруй шувуу байдаг гэнэ. Үлдсэн 400 гаруй шувуу нь нүүдлийнх юм гэнэ. Бидний нүүдлийн гэж ярьж заншсан шувууд нь загас ба шавьжин идэштэй тул өвлийн улиралд халуун дулаан, өвс тэжээл сайтай газрыг зорьдог байна. Манай орны суурьмал ба нүүдлийн шувуудийн яг аль төрөл нь аюулд орсон бол гэсэн асуудал гарч ирж байна.
Шувуудыг олон улсын “Улаан данс”-ны ангиллын дагуу устсан, байгальд устсан, бүс нутгийн хэмжээнд устсан, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй, анхааралд өртөхөөргүй, мэдээлэл дутмаг, үнэлэх боломжгүй гэсэн найман төрөлд хувааж үздэг аж. Манай орны шувуудын цөөнгүй хэсэг нь ховордож болзошгүй, эмзэг, ховордож байгаа гэсэн ангилалд багтсан байна.
Үүнд: “Устаж байгаа” шувуудын ангилалд: Борцгор хотон, Цагаан тогоруу, “Устаж болзошгүй” гэсэн ангилалд: Цагаантолгой, Ямаан сүүл, Бор бүргэд, Усны нөмрөг бүргэд, Реликт цахлай, Хурагч бор,” Эмзэг” гэсэн ангилалд: Одой галуу, Байгалийн нугас, Ундар шумбур, Цэн тогоруу, Хар тогоруу, Хан бүргэд, Ооч ёл, Эдлэг шонхор, Азийн цууцил, Монгол хулан жороо, Хонин тоодог, Ямаан тоодог гэх мэт шувууд ордог байна.
Манай орны шувууд ховордох болсон шалтгаан маш олон талтай. Энд шувууны гунигт үхлийн талаар олон мэдээлэл байна. Тухайлбал: Талын бүргэдийг үрлэн сум хөнөөсөнгүй. Харин цахилгааны утасны шон дээр сууж байгаад үхдэг ажээ. Зарим хүмүүс яагаад шон болгон дээр суусан шувуу болгон үхдэггүй бэ гэж асуух байх л дээ. Үүний тайлбар нь энгийн, шувуу ганц утас дээр хүрч/сууж/ байгаа тохиолдолд аюулгүй. Харин хоёр утсан дээр буюу утас шон хоёрт нэг зэрэг хүрвэл үхэх аюултай гэнэ.
Өндөр хүчдэлийн төв шугам нь том шувуу далавчаа дэлгэсэн ч цахилгааны хоёр туйлд хүрэх боломжгүйгээр хийгдсэн байдаг нь сайн хэрэг. Харин ийм өндөр хүчдэлийн шугамд шувуу гагцхүү утас мөргөснөөс болж үхдэг байна. Хүчдэл бага шугамны тухайлбал, утаснууд нь хоорондоо ойрхон татагдсан шонгууд аюултай гэнэ. Эдгээр шонгуудын хөндлөвч дээр шувууд бууж, сууж байхдаа тогонд цохиулж үхдэг байна.
Ийм тохиолдол хэр олон гардагийг асууж тодруулахаар Дархан Төвийн бүсийн Цахилгаан Дамжуулах ХК-ний инженер Амарсанаатай хэдэн хором ярилцсан юм.
-Шувууд цахилгааны утас, шон дээр суух гэж байгаад цахилгаанд цохиулж үхдэг гэж сонслоо. Ийм явдал хэр элбэг тохиолддог бэ? -Шувуу цахилгаан утас дээр сууснаас болж тог тасрах явдал олонтаа гарч байсан. Энэ нь ихэвчлэн жижиг шон буюу фаз хоорондын зай нь ойрхон шугам дээр тохиолддог. Одоо бидний харж байгаа энэ зурган дээр шувуу нисэх гэж далавчаа дэлгэж байгаад далавчаараа утсанд хүрч үхсэн байх жишээтэй. Энэ мэт тохиолдлууд, ялангуяа зуны цагт нэлээд элбэг гардаг. Өмнөговь аймагт, сар шувуу зуны цагт шугам дээр сууж их олноороо үхсэний улмаас үлийн цагаан оготно ихсэж байсан удаатай.
Энэ товчхон ярианаас, манай х
өдөө хотыг холбосон олон арван километр үргэлжилсэн цахилгаан дамжуулах шугамнууд хөх тэнгэрийн чимэг болсон жигүүртэнүүдийг чимээгүйхэн хөнөөсөөр байгааг мэдлээ. Ийнхүү цахилгаан дамжуулах шугам олон анч шувуудын хувьд цаазын заазуур нь болдог байна.
Цөлжилт дулаарлаас үүдсэн сөрөг үр дагавар шувуудыг ч мэдээж, тойрсонгүй. Хуурайшил тэдний үржин төлжихөд муугаар нөлөөлж байгаа гэнэ. Тухайлбал, намгархаг газарт хуурайшилт хүчтэй явагдаж буйн улмаас зарим шувууд өндөглөхгүй, үржлийн явц зогсч байгаа аж.
Шувуудын ховордох шалтгаанд зөвхөн цаг уурын өөрчлөлт, хүний нөлөөлөл буруутай биш олон малын бөөгнөрөл бэлчээрийн талхлалт ч нөлөөлдөг байна.
Эдгээрээс харахад цахилгаан шонгийн зурагийг анх гаргасан хүмүүс, хууль боловсруулагчид, эрх баригчдын хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна. Хэдий бүх зүйлийг урьдаас харж болдоггүй ч бодож тунгаагүй төсөл, шийдвэр нь байгаль асар их хохирол учруулж байгааг тэдэнд ойлгуулах хэрэгтэй байна. Нөгөө талаас олон нийтийн зүгээс хяналт тавих нь амьтны аймгийн хуулийг бататгахад сайн хувь нэмэр болох шүү дээ.
Үүнээс гадна Олон улсын байгууллагаас дэлхийд нэгэнт “устаж болзошгүй” бүлэгт бүртгэгдсэн идлэг шонхрын наймааг хориглосон.
Гэтэл манай улс 2000-2009 он хүртэлх хугацаанд 2538 толгой идлэг шонхор шувууг амьдаар нь гаргаж, төсөвт нийт 15.9 сая ам.доллар төвлөрүүлжээ. Манай оронд 10 зүйл шонхор байдгаас идлэг шонхор шувуу нь элбэг тархацтай амьтны ангилалд багтдаг.
Иймээс Монгл орны нутгаас идлэг шонхорыг арилжааны зориулалтаар барих нь эрх зүйн хувьд нээлттэй байдаг аж. Тэгээд ч идлэг шонхор шувууны нөөц харьцангуй хэвийн байгаа гэсэн Олон улсын байгууллагын дүгнэлтийн дагуу Ан амьтны байнгын хорооны 2009 оны 58 дугаар хуралдааны шийдвэрээр 2009-2010 онд Монгол Улсаас жилдээ 300 хүртэл тооны идлэг шонхор шувууг барьж, экспортолж болохыг зөвлөмж болгожээ. Үүний дагуу Засгийн газраас 2009 онд гадаадад амьдаар гаргах идлэг шонхор шувууны тоог 300 хүртэл толгой байхаар тогтоосон байна.
Гэвч хууль бусаар хил гаргах явдал гарсаар байгааг хэвлэл мэдээллээр байнга ярьж бичдэгийг энд дахин хөндөх нь зүйтэй.
Байгальтай хамт байж, түүнийг харж, түүнтэй хэлэлцэж ойлгох нь аз жаргал юм. Л. Толстой
the attachments to this post:









well done