МОНГОЛ УЛС ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ИДЭВХТЭЙ БҮСЭД ОРШДОГ

Сүүлийн үед телевиз, радиогоор ирэх гуравдугаар сард манай улсад аюултай газар хөдлөлт болно гэж мэдээлж байх юм. “Бас юун газар хөдлөлт вэ” гэж өөрийн эрхгүй түгшүүр төрөөд явчихлаа. Байгалийн гамшигийг манай улс төрөл бүрээр нь туулж байгаагийн хувьд дахиад хүн амьтны амь насны гарлагатай байх вий дээ бодохоос зүрхэнд шар ус хурах шиг.

Монгол улс далайгаар хүрээлсэн улс орнуудыг бодвол харьцангуй газар хөдлөлт, цунамид өртөх нь бага, барагтаа бол өртдөггүй дээ гэж бодож байтал тийм биш бололтой. Дуулахнээ харин ч хамгийн идэвхтэй бүсэд хамаарагддаг юм гэнэ. Хот суурин газрын 80 хувь, хөдөө орон нутгийн 70 гаруй хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ажээ. Ер нь газар хөдлөлт юунаас үүдэлтэй юм бол гэдгийг сонирхон интернэтээр аялаж явтал газар зүйн Г.Содном багш энэ талаар нэлээд тодорхой тайлбарласан байна.

Газар хөдлөлт гэдэг дэлхий дээрх хамгийн аймшигт, гамшигт үзэгдлийн нэг   төдийгүй  газрын гүнд урт удаан хугацааны туршид хуримтлагдсан асар их эрчим хүч гэнэт чөлөөлөгдснөөр газрын гадарга огцом хөдөлж, чичрэх үйл явц гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, энэ ойлголтонд байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна л даа. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээс үүсдэг ажээ.

Уг байгалийн гамшигт үзэгдэлд 4000 жилийн турш 13 сая хүн үрэгдснээс сүүлийн 400 жилд нь 2,5 сая хүн, 1875 оноос хойш ойролцоогоор нэг сая хүн амь үрэгдсэн тооцоог эрдэмтэд гаргасан байна. Гэхдээ энэ нь дэлхийн бөмбөрцгийн хүн амын өсөлт болон тэдгээрийн оршин суух нягтрал, орон нутгийн байрлал, тухайн газрын цаг уурын нөхцөл, барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх байдалтай холбоотой гэжээ. Учир нь дээрх шалтгаануудаас гадна газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем хөгжсөн байдал зэргээс хохирогсдын тоо болон эдийн засгийн хохиролын хэмжээ хамаардаг аж. Ингээд бодохоор яалт ч үгүй аюул хөнөөл ихтэй, оюун ухаант хүн төрөлхтөнийг өмнөө сөхрүүлдэг, асар их гарз хохирол авчирдаг аймшигт үзэгдэл мөнөөс мөн гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Одоогоос яг жил гарны өмнө Өвөрхангай аймгийн Баянтээг, Баруунбаян-Улаан сумыг зааг Ар ашнай уулын орчим 5,2 магнитут буюу 6-7 баллын хүчтэй газар хөдлөлт гурваас дөрвөн давтамжтай болжээ.  Азаар хээр тал, газарт болсон тул гамшигаас үүдэлтэй хохирол учраагүй өнгөрч. Энэ нь тийм ч хүчтэйд тооцогдхооргүй хөдлөлт байсан төдийгүй монгол нутагт үе үе болж байдаг дундаж хүчтэй газар хөдлөлт байсан гэх. Аль тэртээ 1957 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн нэг салбар нь гэж хэлж болно. Аймгийн төвдөө бага зэргийн мэдэгдсэн байна лээ. Ямар ч байсан газар хөдлөлтийн бүсдээ газрын гадарга дээр нэг ч чулуугүй болсон гэж Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт, судалгаа секторын эрхлэгч М.Өлзийбат ярилцлагандаа өгүүлжээ.

Цунамигийн үүсэл ч мөн газар хөдлөлт далайд явагдснаас үүдэлтэй. Мөн газар хөдлөлтийн түвшинд хөрсний усны хэмжээ чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Хөрсний ус ууршиж гадагшилж байх ёстой байтал гадагшлахгүй их хуримтлагдах тусам газар хөдлөлт хүчтэй болох магадлал өсдөг гэнэ. Харин Улаанбаатарын ихэнх газар нь барилга баригдаж, цардмал зам талбай тавьсан, өөрөөр хэлбэл амьсгалах нүх сүвийг нь бөглөсөн болохоор хөрсний ус нь уурших ёстой хэмжээндээ ууршихгүй хадгалагдаж, үүнээс болж газар хөдлөлтийн түвшин нь долоон балл биш түүнээс ихэссэн байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Долоон баллын газар хөдлөлтийг ч тэсвэрлэхэд бэрх  барилга байшингууд Улаанбаатараар нэг бий. Дээр нь нийслэлийн хот зохион байгуулалт ихээхэн алдагдсан, инженерийн шугам сүлжээн дээр элдэв байгууламж нь баригдсан, далан суваг шуудууг хааж боосон гээд бодохоор газар хүчтэй хөдөллөө л бол нийслэл хот маань багахан баллын хөдлөлтийг ч даалгүй сүйрч мэдэхээр…

Түүхэн дэх дэлхийг донсолгосон гамшигт газар хөдлөлтүүдийн нэг нь Португаль, Лиссабоны газар хөдлөлт гэж үздэг байна. Энэ нь 1755 оны 11 сарын 1 ний, өглөөний 9цаг 40 минутад болсон байна. Газар хөдлөлтийн эхний үед хүч нь сул байснаа богино хугацааны дараа түлхэлтийн хүч нэмэгдэн газар хөдөлж эхэлсэнээс хойш 6 минут болоход хотын ихэнх хэсэг нь эвдэрхий балгас болсон байв. Оршин суугчдын зарим нь далайн боомтод хоргодохоор очсон боловч 10 цагийн үед тэнгист 6–15 метр хүртэл өндөр давалгаа (цунами) үүсч, эрэг орчмын 1 км хүртэл өргөнтэй зурвас бүс усанд автаж, аврал эрж очигсод бүгд усанд живсэн эмгэнэлт явдал болжээ. Хүчтэй түлхэлтийн улмаас бүтэн үлдсэн ихэнх барилгууд эвдэрч, ойр орших уулнаас олон тооны нурангууд үүсч, шороо утаан үүл бий болж, салхины хүч ширүүссэний улмаас 6 өдрийн турш түймэр гарсан байна. Лиссабон хот болон түүний ойр орших 235 мянган оршин суугчдаас 70 мянга нь нас барсан байна. Уг газар хөдлөлт нь 40 сая хавтгай дөрвөлжин км квадрат талбай буюу Баруун болон Хойд Европын ихэнх хэсгийг хамарчээ. Чичирхийллийн долгионоос үүссэн далайн давалгаа нь Хойд Африк, Испани, Британийн арлууд, Голланд ба Энэтхэг хүртэл тархаж байсан тухай түүхэнд үлджээ.


the attachments to this post:

gazar_hudlult-2
gazar_hudlult-2

gazar_hudlult-middle
gazar_hudlult-middle


No Comments so far.

Leave a Reply