УРВАГЧДЫГ САЙШААН АЛДАРШУУЛСАН ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР


Хоёр гурван жилийн өмнөөс 3 дугаар сарын 1-ныг эх орончдын өдөр болгон тэмдэглэх болсон юм.
Уг нь эл өдөр бол Монголын олон мянган ТББ-ын нэг, улс төрийн нам гэдгээр нь иргэний байгууллага гэхээс илүү эрх баригч гэж ойлгож, бүр тахин шүтэж ирсэн хуучин коммунист намын үргэлжлэл МАХН-ын төрсөн өдөр.

Хорьдугаар зууны эхэн үед Монгол орны хувь заяа дээсэн дөрөөн дээр байх үед Монголын тэр үеийн шашны зүтгэлтнүүд, сэхээтнүүд, харц ардыг эгнээндээ нэгтгэсэн Монголын төлөө цохилох зүрхтэй эх орончид их үйл хэргийг эхлүүлсэн нь хөдөлшгүй үнэн. Тэд Монголын сайн сайхан ирээдүйн төлөө тэмцэж явахдаа хожим нь комминтерний гарын үзүүрээр хөдлөх шаардлагатай болсон коммунист Монголын хувь заяа эх орончдын төсөөлснөс огт өөрөөр эргэхийг мэдээгүй байж таарна.
Түүхэн эл өдөр бол эх орончдын баатарлаг үйлсийг хойч үедээ таниулах, эргэн дурсах, бахархан дууриах, эх оронч үзлийг батжуулахад чиглэгдэх учиртай. Түүнээс бус дан ганц МАХН-ыг дагасан хэдэн нөхдийг магтан алдаршуулах өдөр баймааргүй юм.
Эх орончдыг дурсах гэж байгаа бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс эхлээд 1921 оны Ардын хувьсгалыг ялахад шийдвэрлэх хувь нэмэр оруулсан шашины тэргүүн 5-р Богд Жавзандамба, Жалханз хутагт Дамдинбазар, Даа лам Цэрэнчимэд, сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Хичээнгүй сайд Цэрэндорж, цаашлаад Догсомын Бодоо, Дамбын Чагдаржав, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар гээд бүх үеийн түүхэн баатруудыг гавьяаг алдаршуулах ёстой билээ.
Гэтэл эх орончид гэж зөвхөн МАХН гэсэн ганцхан төрийн бус байгууллагын зүтгэлтнүүдийг дурьдаж байх юм. Энэ нь эсвэл эх орон гэдэг “махн”, эх орончид гэж “махн”-ы гишүүд гэж ойлгуулах гээд байгаа юм уу хаашаа юм?
Тэр тусмаа энэ өдрийн хамгийн зэвүү хүргэсэн мэдээ нь албан тушаал,эрх мэдлийн төлөө ардчилалыг дэмжигч олон нөхдөөсөө уравсан нэгэн эмэгтэйг адаршуулсан явдал юм. Хүний эрхийн хуульч гэж хүлээн зөвшөөрөгдөж хэдэн жилийн турш иргэд олон нийтийн талархал хүлээж байсан Ичинноров гэдэг энэ бүсгүйг МАХН өөртөө дагаар оруулж чадсанаа гайхуулж, (магадгүй хөх инээд нь хүрч) бүх телевизээр түүний урвалтыг сайшаан зарлав.
Монголын эх орончдын нүүр царай ийм болсоныг хойч үедээ гайхуулж байгаа нь тэр юм байх даа. Эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа өргөж явсан эгэл ард, хутагт хувилгаад, ихэс дээдэс, үе үеийн эх орончдын дэргэд ийм өчүүхэн нэгэн ашиг хонжоо хайчийн нэрийг дурьдах үнэхээр өрөвдөлтэй.

Урвалтынхаа төлөө албан тушаалаар шагнуулсан энэ бүсгүйгээс монголын бараг бүх телевиз ярилцлага авах гэж яарлаа. “…Монголд одоо нэгэнт МАХН, АН гэсэн хоёр том улс төрийн хүчин ээлжилж төрийн эрхийг барих нь тодорхой болсон болохоор би ийм сонголт хийлээ” гэнээ. Хэнд мөнгө, эрх мэдэл байна, би тэр талд үйлчилнэ гээд шууд хэлчихлээ, хөөрхий энэ эмэгтэй.
Хүн төрөлхтөн урвалтыг хэзээ ч сайшааж байгаагүй юм. Ард олны нэрийг барьж гарч ирээд алдар нэр, хэргэм зэрэгт хүрмэгцээ мөнөөх л авилгач ноёд, ихэмсэг язгууртны талд үйлчилж иргэдийн итгэлийг уландаа гишгэдэг урвагчид аль цаг үед байсаар ирсэн. Гэхдээ тэдний нэгэнт сэвтсэн нэр хүнд хэзээ ч сайнаар дуурсагддаггүй.
Суу билигт хөгжмийн зохиолч Людовик ван Бетховен алдарт 3-р симфонио Францын хувьсгалын удирдагч Наполеонд зориулжээ. Тэрээр Наполеоныг шүтэн бишрэгч байж. Учир нь Наполеоны язгууртны хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцэж, ард олныг уриалан дуудсан зоримог тэмцэл нь тухай үед европ дахиныг бишрүүлж байсан хэрэг. Харин удалгүй ард олны төлөө гэж гарч ирсэн Наполеон Бонапарт өөрийгөө Францын эзэн хаан хэмээн өргөмжилсөнд, түүнийг шүтэн бишрэгч асан суут хөгжмийн зохиолч Бетховен ихэд гутарч, түүнд зориулж бичсэн симфоныхоо өмнөтгөл хэсгийг урж хаяад, зүгээр л ”Баатарлаг” гэсэн нэрээр өөрчилсөн гэдэг. Алдартнуудын урвалт суу билигт хүмүүсийн уран бүтээлд ингэж тусдаг байх нь.
Урвалт үзэн ядалтыг төрүүлдэг. Нийгмийн гажуудлыг тэвчиж чаддаггүй ардчилсан үзэл бүхий олон нийт дээрх жишээг лав сайшаахгүй.
Эх нутгийн газар шороо байгалийн баялагаа хамгаалахын төлөө дайчин үгтэй уриа цууриатуулж, иргэдийг идэвхтэй тэмцэлд дуудаж эхэлсэн 2004 оноос хойш Монголын иргэний байгууллагууд өнөөдрийг хүртэл хөгжлийн тодорхой үеийн туулж ирсэн. Тэдний дунд манай ногоон үзэлтнүүд тэргүүн эгнээнд нь явж өнөөг хүрсэн. Шүүх засаглалын алдаа, авилга хээл хахуулын галзуурлыг шүүн хэлэлцэхдээ бие биенээ хурцалдаг, бас хэн хэнээсээ суралцдаг.
Нэг л болж өгөхгүй байгааг мэдэрч байгаа ч яах ёстойг мэдэхгүй, ямар гарц байгааг олохгүй иргэд дэмий л бухимдаж гэртээ суудаг бол дайчин хурц шийдэмгий тэмцэгчид тэднийг уриалдаг. Түүний араас нийгэм дагадаг. Тэмцэл болгон нийгмийн болж бүтэхгүй бүхний уудлан илчилж засаж залруулахыг шаарддаг. Иргэдийн энэ хүчтэй шахалт шаардлага эрх баригчдыг үйлдэлээ хянахад хүргэнэ. Эцэст нь иргэний нийгэм маань эрүүлжинэ. Энэ бол иргэд та бидний нийгмийн төгөлдөршилд оруулж буй хувь нэмэр.
Ийм тэмцэл нийгмийн хөгжлийг урагшлуулж, ард оло ыг ухаалаг сонголт хийхэд тусалдаг болой. Энэхүү шинэчлэлийн төлөөх тэмцэл дундаас ашиг хайчид мэдээж дунд нь явж л байдаг.


the attachments to this post:

төрийн далбаа
төрийн далбаа


One Comment to “УРВАГЧДЫГ САЙШААН АЛДАРШУУЛСАН ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”

  1. zochin says:

    neeree tiim shuu, mongoliin uls turchid bugeeree uursdiin erx ashigiin tuluu buxnee xudaldaxad belen xumuus

Leave a Reply