Метанол түлш, био түлш- утааг бууруулах шинэлэг хувилбарууд

Зун болж зурам улайнгуут нийслэлчүүд маань нүд хорсгон хоолой аргаах гашуун утаагаа бүр мартаж орхино. Эргээд өвөл ирэхгүй юм шиг гурван сар сатаараадаг. Улаанбаатарын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэд дахин их болсон өнөөгийн энэ төлөв байдал үнэндээ 19 дүгээр зууны Английн үетэй адил  байгаа гэж харьцуулж ярьж бичиж байна.  Тухайн үед Английн иргэд амьсгалын цочмог өвчин, хорт хавдраар өвчилж, шинээр төрж буй хүүхдүүд уушигны хатгалгаа, цус багадалт, тархины даралт зэрэг өвчинд нэрвэгдэж байж. Тэр үед Англид үйлдвэрийн утаа зонхилж байж.

Харин манайд бол дулааны цахилгаан станцууд, гэр хороолол, автомашины утаа байгаа юм. Энэ бүхний цаана нүүрсийг дахин боловсруулалгүй шууд шатааж хэрэглэснээс агаарт хорт хий хуримтлагдаж, мөнгөн ус хэмээх хордуулагч бодис ихээр ялгардагаас улбаатай аж. Хамгийн гол нь хорт утаанаас гарч буй бодисууд хүний биед төдийгүй удмын санд хор хөнөөлтэй юм. Төр засгаас агаарын бохирдлыг бууруулахад анхаарч байгаа ч цогцоор шийдэж чадахгүйгээс үүдээд  жилийн жилд утаанд хаягласан мөнгө урсгасаар буй ч тусыг эс олов. Тиймээс энд хүн бүр гар бие оролцож дор бүрнээ хичээх л үлдээд байх шиг.

Утаанаас бага ч болов салах ямар боломж байгааг сийрүүлье.

Одоогоос гурван жилийн өмнө монгол инженерүүд гэр хорооллын айлуудад туршилт хийж байсан. Тэд метанол хэмээх шингэн гаргах тоног төхөөрөмжийг санаачилан гэр хорооллын айлуудад туршсан. Туршилтаар 24 цагийн турш дулаан байлгахад дөрвөн литр метанол хэрэглэжээ. Өнөөдөр агаар бохирдуулах гол эх үүсвэр болох гэр хорооллынхон хоногт багаар бодоход 3000 төгрөгийн нүүрс, 1000 төгрөгийн мод түлж агаарт хорт утаа цацсаар байгаа юм. Харин метанол нь шатах явцдаа хүний биед элдэв хор хөнөөл үзүүлдэггүй байна. Метанолыг ашиглахын тулд зуухандаа шингэн түлш хийх труба шургуулаад л болоо гэнэ. Гол нь энэ түлш хийн түлш шиг тэсэрч дэлбэрэх аюулгүй, хэрэглэхэд энгийн, хатуу түлш шиг хаягдал, тортоггүй гээд олон давуу талтай аж. Метанолын үндсэн түүхий эд нь нүүрс. Уг нь нүүрснийхээ нөөцөөр манай улс дэлхийд дээгүүр ордог ч нүүрсээ түүхийгээр нь түлж утаа үйлдвэрлэсээр суугаа нь харамсмаар юм.

Хэрэглэгчдэд сонирхуулахад нүүрсийг хийжүүлж синтезийн хийг гарган катализаторийн урвалаар үүсэх шатамхай бодисийг метанол гэдэг. Метанол нь ууршилт багатай хэдийгээр шатамхай бодис ч гэлээ бензинтэй харьцуулахад удаан шаталттай элдэв үнэргүй, дулаан их ялгаруулдгаараа онцлогтой ажээ. Метанолыг гаргаж авахдаа нүүрсний ордыг гүн өрөмдөж хоёр хоолой байрлуулах ёстой аж. Уг хоолойгоор агаар, ус оруулах ба энэ үед газрын гүнд байгаа нүүрс шатдаг байна. Шаталтын үр дүнд синтезийн хий үүсч ялгарсан хийг өрөмдөн тусгай хоолойгоор гарган авдаг ажээ.

Сүүлийн үед “Шидэт гал” хэмээх шахмал түлш хэрэглээнд гараад байгаа. Шахмал түлшийг модны оронд хэрэглэх боломжтой төдийгүй утаа багатай, бүрэн шаталттай гэнэ. Мөн шахмал үртсэн түлш гарсан бөгөөд энэ нь түүхий нүүрснээс хоёр дахин, модноос зургаа дахин илчтэй хэмээн хэрэглэгчид өгүүлж байсан. Шахмал үртсэн түлшийг түлснээр богино хугацаанд гэр дулаацуулах илчтэй эд аж. Энэ түлшийг Сэлэнгэ аймгийн Түнхэлд үйлдвэрлэж байна. Мөн нийслэлчүүд нүүрсний оронд үртэс нөөцлөн хэрэглэх болж. Энэ нь утааг багасгахад том хувь нэмэр болж буй юм. Наад зах нь нүүрстэй зууралдахгүй, байгаль орчинд халгүй цэвэр гээд олон сайн талтай гэнэ.

Мөн хоёр жилийн өмнөөс манайхан утаа багасгах зуухыг туршиж эхэлсэн. Уг зуух нь монголчуудын хэрэглэж заншсан зуухтай адилхан бөгөөд түүхий нүүрс түлсэн ч утаа гардаггүйгээрээ давуу талтай аж. Түүнчлэн байшинтай айлууд үртэс түлэх зуух хүртэл хийсэн байна билээ. Гагцхүү үүнийг олон айл л хэрэглээсэй дээ.

Сүүлийн үед гэр хороололд  цахилгаанаар халдаг төрөл бүрийн шалны халаагуурыг ашиглах болжээ. Халаадаг шал нь гадаах хүйтний эрчээс шалтгаалан дулааны хэмийг автоматаар тохируулах боломжтойгоороо давуу аж.

Мөн зарим нэг айлууд цахилгаан бойлуураар гэрээ халааж байгаа. Харин гэр хороололд тогны  хүч муу байдаг нь ийм халаагуур ашиглах  боломжийг хязгаарладаг.

Түүнчлэн “Их эрин илч” ХХК Солонгосын усан халаалттай паркетен шал нэвтрүүлж эхэлжээ. Уг шалыг халаахад ус халаах бойлуурыг 24 цагаар ажиллуулж, дулааныг 18-20 градуст барьдаг байна.

Хятадад нүүрснээс метанол гаргах 80 үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэн 2020 он гэхэд бүх автомашинаа био түлшээр явуулдаг болох гэнээ. Харин шатахуунаа гаднаас 100 хувь авдаг манай улсын хувьд био түлш нэлээн түлхэц болног гэж мэргэжилтнүүд үздэг.

Түүнчлэн хотын төв орчмын агаарт байгаа нийт азотын давхар ислийн 78.5 хувь нь автомашинаас гарч байгааг ШУТИС, БОАЖЯ, Агаарын чанарын мэргэжлийн албаныхан судалгаагаар баталсан. Эндээс үзэхэд агаарын бохирдлын 30 гаруй хувийг автомашинууд ялгаруулж байна гэсэн үг. Гэр хорооллын яндангууд өвлийн улиралд утаа “үйлдвэрлэдэг” бол автомашинууд жилийн дөрвөн улиралд хорт утаагаа хаядаг. Тиймээс жолооч нар эко түлшийг хэрэглэх цаг ирээд байна. Хийн түлш нь бүрэн шаталт явагддаг учраас утааг маш бага хэмжээгээр ялгаруулдаг байна.

Хийн түлшний октан тоо нь 105-120 учир бензинээс илүү чанартай бөгөөд автомашины моторын элэгдлийг хоёр дахин багасгаж, моторын тос солих хугацааг уртасгадаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Өнөөдөр манай зах зээлд хийн түлш төдийлөн сайн хэрэглээнд нэвтрэхгүй байгаа ньхийн түлшийг аюултай гэж үздэгг буруу ойлголттой холбоотой. Улаанбаатарын нийт автомашины 75 хувь нь бензинээр, үлдсэн хэсэг нь дизель түлш хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин байгальд ээлтэй хийн түлшийг ердөө 500 гаруй автомашин  хэрэглэдэг. Уг нь энэ үзүүлэлт өсөх тусам агаарын бохирдол багасах учиртай. Манайд “Юнигаз”, “Дашваанжил”, “Горгаз” гэсэн гурван компани автогаз борлуулах эрхтэй байгаа. Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын чанарын албанаас автогазын зургаан ШТС нэмэхээр төлөвлөж байгаа аж. Манайхтай адил цаг уурын нөхцөлтэй хойд хөрш нийтийн тээвэр, такси, төрийн байгууллагын автомашиныг хийн түлш буюу автогазаар шийдсэн байдаг бөгөөд иргэд нь хэрэглээд сурчихсан.

Мөн өнгөрсөн жилээс “Оргил ойл” компанийнхан биоэтанол түлш гарган авч эхэлсэн. Тэд биотүлшийг цардуул агуулсан бүх ургамлаас гарган авах боломжтой. Зүүн хараад нээгдсэн тус үйлдвэр одоогоор Спирт бал бурам, АПУ компанийн хаягдлыг хэрэглэж бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Дээрх арга боломжийг нийтээрээ ашиглавал утаагаа багасгах боломжтой.


3 Comments to “Метанол түлш, био түлш- утааг бууруулах шинэлэг хувилбарууд”

  1. gerlee says:

    “Төр улсыг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй” гэдэг шиг Улаанбаатарыг хорт утаанаас салгахад хотын иргэн бүхний сэтгэл, зүтгэл хэрэгтэй байна даа.

  2. Boum says:

    Био түлш нь зайлшгүй хийгдэх ёстой ажил, бид энэ салбарт ярисаар байгаад хоцрох ёсгүй.
    Монгол улс албан бус тоогоор 60 орчим сая толгой малтай.
    Хэрэв бид нэг малаас гарах өөх тосыг дахин боловсруулан био дизел гаргаж авбал сумын төвийн халаалт, цахилгааны эх үүсвэр, унаа хөсгийг хангах бүрэн болоцоотой, эдийн засгийн болон техникийн судалгааг залуу эрдэмтэд хийгээд төр засгийн дэмжлэгийг хүлээн сууж байна.
    Ногоон эвсэл

  3. anushinee says:

    Би гэр хороололд амьдардаггүй гээд гараа хумхин, нүдэн балай чихэн дүлий байж болохгүй. Улаанбаатар хотод амьдардаг л бол хорт утааны эсрэг ямар нэг арга сэдэж, бусад улс орны жишгийг судлан авч болохыг нь эх орондоо хэрэгжүүлмээр байна. Англи улс утаанаасаа хэрхэн салсан тухай судалж, ашигтай мэдээлэл солилц0хыг нийт номадгрийн мэдээллийн сайтынхаа иргэний сэтгүүлч нарт уриалж байна.

Leave a Reply