Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай
Хүн төрөлхтөний түүхэнд өөрсдийн туулж өнгөрүүлсэн түүхээрээ зүй ёсоор бахархах эрхтэй, өнөө үед он цагийн эрхээр дэлхийн даяар тархан амьдардаг болсон ч үндэс угсаа, хэл, соёл, шашин нэгтэй үндэстэн бол монголчууд буюу монголын туургатнууд юм.
Армонгол буюу халхмонголчууд Монгол улсад, Өвөрмонголчууд Хятад улсад, Буриадмонголчууд ОХУ, БНХАУ, Монгол улсад, Ойрадмонголчууд Шинжаанд, Монгол улсад, Халимагмонголчууд ОХУ-д, хэл соёл нь өөр болсон Тувамонголчууд ОХУ-д, Хазаармонголчууд Афганистанд, Өмнөдмонголчууд Өмнөдхятадад гэх мэт монгол угсаатнууд тархан амьдарцгааж байна. Цөөн бүлэг хүмүүс Халимагмонголчууд (АНУ-д), Өвөрмонголчууд (Тайваньд), Буриадмонголчууд (Австрали, Францад), өнгөрсөн зууны эхээр цагаачлан гарсан байдаг юм байна.
Тэдний нэг Буриад зоны Алтаргана 2010 наадам ес дэх удаагаа болж байгаагаас анх удаа Улаанбаатар хотод зохиогдож байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын буриад угсаатангууд ирж оролцсон том хэмжээний баяр болж өнгөрлөө Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн соёл урлагийн байгууллагууд буриад зоны өв соёл, дуу хуур, авъяас билгээр цалгиж байв. Хотын төвөөр улаан залаатай шовгор малгай, гурван өнгийн энгэртэй дэгэлээ өмссөн буриад баавай нар, басгад, хөвүүд хаа сайгүй тааралдаж байлаа.
Буриад зоны ахуй амьдрал, аж байдлыг харуулсан үзэсгэлэнгүүд Уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит Дүрслэн урлагийн музейд дэлгэгдэж, сүсэгтэн олон бурханы шашны нэрт зүтгэлтэн Итгэл хамбын эдлэл хэрэглэлд гар хүрэн адис авч, түүний гайхамшигийн тухай видео кино үзэж байв.
Буриад ардын соёл, урлаг, дууны “Алтаргана” наадам анх 1990-ээд оны эхээр үүссэнээс хойш Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, ОХУ-ын Агын Үндэсний тойрог, Чойбалсан, Улаан-Үүд, Эрхүү хотуудад зохион байгуулагдаж байжээ.
Хоёр жилд нэг удаа зохиогддог энэхүү наадам нь өргөжин тэлж эдүгээ урлаг, спорт, гар урлал, ардын ёс заншил, хэвлэл, дизайн гэх мэт гуч гаруй номинацаар өрсөлддөг том наадам болон өргөжиж байна. /toonto.mn/
Буриад зоны хэлэлцэн ирсэн нэгэн домогт “Эрт цагт овог аймаг хоорондын их дайн тулааны үеэр Барга баатар Тайсан ноён хааныхаа отгон хүү Бүртэ-Шоныг аван амь гарч Байгал нуурын өмнө этгээдэд ирэн суурьшжээ. Барга баатар Гүрэ-Буриад, Элюүдэр мэргэн, Хоридой мэргэн гэсэн гурван хүүтэй байжээ. Хоридой мэргэний Баргажин гуа гэргийгээс нь Алан-гуа охин, удаах гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушад, Шарайд гэсэн таван хүү, гуравдахь гэргий Нагатайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батнай, Сагаан, Халбин гэсэн зургаан хүү төржээ. Хоридой мэргэний арван нэгэн хүү нь өсөж үнэржин Хорийн арван нэгэн эцгийн буриад зон болсон түүхтэй.
Харин Гүрэ-Буриад нь эхирэд булагадын, Элюүдэр мэргэн нь ойрадын өвөг хэмээжээ” гэж өгүүлсэн байдаг.
Монголын Нууц Товчоонд Хорилардай мэргэн хори түмэдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж, харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан Халдун уулын зүг ирсэн тухай өгүүлдэг. Энэхүү хорилар хэмээх овгийн нэр яваандаа горлос гэгдсэн бололтой. Горлос нь хожим халхын арын долоон отгын нэг болж, Гэрсэнзийн гутгаар хөвгүүн Онохуйн мэдэлд очсон аж.
Монголын нууц товчооны нэгдүгээр бүлэгт “… 5. Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун ууланд гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй.
6. Дува сохор өгүүлрүүн “Тэр нүүдэл иргэний дотор тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё” гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв.
7. Добу мэргэн, тэр нүүдэлд хүрч охиныг үзвэл үнэхээр алдартай, гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алун гуа гэнэ.
8.Энэ охин хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь түмд \хорь буриад\-ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Түүний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин бүлгээ… Энэхүү хорь түмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алун гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгсон ёс тийм ажээ…” хэмээн өгүүлсэн нь буриад нарын угсаа гарвалын тухай юм.
Буриад нар хун шувуун гарвалтай гэж өөрсдийгөө үзэх өгөөд, бух ноён, эрээн гутаарыг онго шүтээнээ хэмээн шүтэж, буриад бөөгийн дуудлага татлагад эдгээрийн тухай орсон байдаг ажээ.
Байгаль далайн сав газраар эртнээс нааш ан гөрөө эрхлэн амьдарч, ажилсаг гавшгай, овсгоо самбаа, зориг зүрх, цөс ихтэйгээрээ монгол туургатан дотроо шагшигдсаар ирсэн энэ зон олныг хүн төрөлхтний түүхийн нэгээхэн гажуудал гамшиг тарин цусан замаа татуулсан нь бий. Өнгөрсөн зууны эхээр Иргэний дайн, Октябрийн хувьсгалын үед зах хязгаар нутгаа хянаж чадахааргүй бужигнаж байсан Орос орноос цаг төрийн амгалан тайвныг бараадан дүрвэж ирсэн буриадууд “Яблоной давааг давахад Ясны хөлс дуслана л” гэж дуулалдан уул усны хол, аян замын хүндийг туулан байж Монголын хойт хилийн дагуу Хэнтийн уулс, Бурхан халдун, Онон Балжийн нутгаар орж ирснийг Богд хаант Монгол улс нэгэн хошуу болгон хүлээн авсан гэдэг. Харамсалтай нь тэднийг хэлмэгдлийн бараан сүүдэр дайрч 1939 он гэхэд насанд хүрсэн буриад эр хүн бараг үлдээгүй гунигтай түүх бий. Тэр үеийн тухай Монголын утга уянгын их мастер Сэнгийн Эрдэнэ баавайн зохиол бүтээл, дурдатгалд олонтаа өгүүлсэн байдгаас эр нөхөр, аав, ах, дүүгээ хаачсаныг нь мэдэхгүй сураггүй үлдэж, байгаа эд хөрөнгөө эсэргүүнийх хэмээгдэн хураалгасан хүүхнүүд, хүүхдүүд амьдрахын төлөө хүчээ шавхан зүтгэж, эргэж ирэхгүй тэднээ дурсан, нэрмэлээ уун дуулалдаж суудаг сан гэсэн байдаг. Одоо ч “эсэргүү” болсон эцгээрээ биш эхээрээ овоглон ажил амьдралын зам хөөсөн буриад баавай нар олон байгаа нь тэдний нэрлэдгээр “бариа тавианы жил”-үүдийн хар мөр арилаагүй байгаа нь тэр .
Буриад үндэстний соёлын өв уламжлал, ардын зан заншил, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалахын зэрэгцээ уламжлан хөгжүүлэх онцгой ач холбогдол бүхий “Алтаргана” 2010 наадмын тугийг дараагийн наадам зохиогдох Чита мужид шилжүүлэн өгснөөр наадам өндөрлөв.
Дашрамд өгүүлэхэд “Алтаргана” нэрийн учрыг:
Шинжлэх ухааны нэр caragana pygmea (L) Ямаан харгана гэх бөгөөд нутаг бүрт өөр өөрөөр одойхаргана, алтан харгана, нарийн харгана, алтаргана гэх зэргээр нэрлэдэг.
Алтан шаргал холтостой үзүүрлүүгээ ихээр салаалсан иштэй сийрэг бутаар ургадаг . 1-2 м өндөр ургадаг Жижигхэн сааралдуу ногоон навчтай өргөстэй, ган, хүйтэнд тэсвэртэй, үндэс иш бөхтэй (мод) сөөг юм . Манай орны тал хээр говь нутгаар элбэг ургадаг.
Говь хээрийг ойжуулахад ашиглаж болохоос гадна чимэглэлийн зориулалтаар цэцэрлэгжүүлэлтэнд тарьж болно . Үрээр үржинэ . Зун шар цэцэг , өвөл нь шар холтостой гоёмсог харагддаг.
Алтлаг шар холтсоор нь наамал, хурдан морины эмээлийн гоёл, монгол гутлын хээ угалзыг чимэглэдэг ба ишээр нь бишгүүр, тогооны угаалтуур хийдэг.
Манай Монголчууд айл гэрийг хэрүүл хэл амнаас хамгаалдаг хэмээн бэлгэшээж тотгоны дээд талын униндаа хавчуулдаг заншилтай гэж Бодонгууд овгийн Аралдийн Дэмбэрлийн Дэнсмаа гуай (ойн инженер, дендрологич) тайлбарлаж байна. /toonto.mn/
“Ара газар ургаhан
Аса бүхэтэй алтаргана
Алиган дээрээ тэнжээhэн
Аба ижы хоёрнай” гэж буриад ардын дуу байдаг.
the attachments to this post:













