Posts Tagged ‘орчны бохирдол’

Ээжийгээ идээд цадсангүй. Дараагийнх нь хэн бэ?

Баасан, Луу сарын 6th, 2011

Сэтгүүлч Б.Саруулын уншигч олондоо хүргэж буй нийтлэлийг та бүхэндээ толилууъя.

Тэд бол бид

Дээрх асуултын хариуг олж ядан мунхаглах цаг айсуй. Эхийнхээ хэвлийг хэмлэн идэхдээ цус сүү хоёрын өнгө хоорондоо хэрхэн уусахыг, голоо тасартал хашгирах чимээ нулимстай хамт алсран одохыг харах нүд байвч аньдаг, хайрлах сэтгэлтэй боловч түүнийгээ булшилдаг нүгэл гээчийн өмнө нүцгэнээрээ байвч дээрдэх юмгүй үрс байх юм. Тэд бол бид. Төрүүлсэн эхээ идэж, зулгаах бүртээ инээд алдах аймшигт зураглалыг хүн төрөлхтөн хар дарсан зүүдэндээ ч олж хараагүй ч харин амьдрал дээр өдөр бүр үйлддэг. Үйлдэл бүхнээсээ гэмшил ухаарлыг бус шунал, мунхаглалыг олж авах.

Эх хүн үрийнхээ төлөө өөрийгөө золиход ч бэлэн сэтгэлийн хат, агуу боловч хөөрхийлөлтэй хувь зохиолтой нэгэн. Дэлхий ээж ч ялгаагүй. Хавирга сүв рүү нь хүнд техникээр хатгаж, халдан зовоож буй хүн төрөлхтөнд харгис хандах сэтгэлгүй ажээ. Гэтэл тал бүрээс нь тасдах зургаан тэрбум гаруй хүүхдэд нь цагаан тэмээ аалз шиг эхийгээ хэвлийгээс нь эхлэн идэж бараад бие гүйцсэн аалз болдог нүгэлт хувь тавилан, амин хувиа хичээх сэтгэл заяасан байна. Усны хомсдлоос болж өдөр бүр 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр үхэж байна, дэлхийн хуурай газрын 25 хувь нь цөлжжээ, дэлхийн дулаарал мянган жил үргэлжилнэ гэсэн айдаст мэдээнүүдийг сонсох бүртээ горьдлого тасрах. Үндэстэй бүхнийг ургуулдаг, үртэй болгоныг үржүүлэн өсгөдөг дэлхий ээжийнхээ алтан хөрсөн дээр өдөр бүр гишгэж, амьсгалах агаар, ундаалах усаар нь агшин тутам амлаж яваагийхаа төлөө хүн төрөлхтөн газрын баялаг, шавхагдашгүй нөөц гэсэн өчүүхэн бодол, ирээдүйгүй шуналаа таягдан хаях ухамсар хэзээ ирэх вэ.

Дэлхий ээж тандаа бид хайртай юу?

“Аалзыг харсан бол алах хэрэгтэй. Эхийгээ идэж өсч томордог юм” гэсэн үгийг бишгүй л сонсож байснаас хүмүүс бид өөрсдөө аалз шиг амьдарч байна гэсэн бодол эргэлдэж байгаагүй юм байна. Найман хөлгүй мөртлөө яасан хурдан дэлхий ээжийнхээ хэвлийг сэндийлж, иднэ вэ.

Нэг хүн дэлхий ээж ээ, би танд хайртай гэж орилоод нэмэргүй. Нийт хүн төрөлхтөн бид танд хайртай гэж хэлэх хэрэгтэй болов уу. Магадгүй огторгуй дунд хөвөх дэлхий ээжийг баярлуулахад усаа хэмнэж, гэрлээ унтраах гэсэн энгийн ухамсартай үйлдэл байхад л хангалттайг хэнээс ч илүү мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй нь сонин. “Дэлхий ээж таньдаа хайртай” гэж дуулах дуртай ч дэлхий ээжид хайртай юу, мөнгөнд хайртай юу гэдгийн хариултыг өнөөдрийн агаарын бохирдол, хатсан сайр, шуурах элс, амьтны сэгээс олж авах байх.

Сүүлчийн зоог хэн бэ

Хүн төрөлхтөн бид дэлхий ээжийгээ хороочихоод өөр гариг руу зугатах бодол өвөрлөж байхад бөөрөнхий эх маань бидэнд нарнаас эрчим хүч дамжуулах гэсэндээ нэгэн хэмээр зогсолтгүй тойрон эргэдэг. Хөгжил, сүйрэл хоёр зэрэг явагдах цагт хүн төрөлхтөн тэндээс юу ч олж долоохгүй гэж боддог юм.

Үсрэнгүй хөгжлийн нүргээн дунд өөрсдийнхөө эхийн ёолохыг чагнаж чадахгүй байгаа өндөр хөгжилтэй гэх орнуудын алхсан жимээр бид явна. Удаан ч гэсэн эцсийн үр дүн ижил юм. Гэхдээ дахиад нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу. Дэлхий ээжийгээ идээд ч цадахгүй бол хүн төрөлхтөн дараа нь хэнийг зооглох бол. Энэ асуултыг биеэрээ буюу хамгийн сүүлчийн мөчид өөрийгөө барьж идэн хариулах цаг асуй. Тийм тавиланг бид өөрсдөө хүсэмжлэн далласаар…

Сэтгүүлч Б.Саруул

Музейн сарын орлого 5 000 000 төгрөг хаашаа ороод байнаа, БО-ны Сайд аа?

Мягмар, Хонь сарын 10th, 2010

Говь нутгаар хийж буй аялалын сүүлчийн өдөр буюу 2010 оны 7 дугаар сарын 21. Маргааш өглөө эрт 5 цагт босож, нисэх онгоцны буудалд очих ёстой. Улаанбаатар хот орох нислэг өглөөний 7 цаг 50 минутад хөөрнө. Говьд өнгөрүүлж буй сүүлийн өдөр бид Ёлын ам гэх хавцал, хад асга бүхий уулын амыг үзлээ.

Уг нь энэ аман дахь уулсын оргил зундаа ч гэсэн мөстэй байдаг гэх боловч биднийг ирэхээс хоёр өдрийн өмнө хайлжээ. Арга ч үгүй биз дээ, ийм халуунд. Ёл гэх үзэсгэлэнт шувууг ч олж харлаа. Миний бие говь нутгийг элсэн цөл мэт төсөөлж явсан нь Говийн Баянбүрд хэмээх энгэрээр нь дүүрэн арц ургасан өндөр уулсыг хараад Говьд бас Алтай, Хангай, Тайга нутгийг санагдуулам байгалийн өвөрмөц тогтоц байдгийг өөрийн нүдээр үзсэний эцэст бүрэн өөрчлөгдсөн юм. (more…)

Бид ямар үр суулгана, тийм л цэцэг ургана

Пүрэв, Могой сарын 3rd, 2010

Жил жилийн 6 дугаар сарын 1 гэдэг хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, битгий дуусайсай хэмээн нууцхан дотроо шивнэдэг өдөр. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өнгөтэй өөдтэй болгоныг нь өмсгөж, хэтэвчиндээ буй цөөн хэдийгээ барагдтал гадуур явж, элдвийг авч өгнө.

Намайг бага байхад “Хүүхдийн парк” хэмээн хэлж заншсан цөөн хэдэн тоглоомтой ч бидний хүсэн хүлээдэг, очих дуртай газар байжээ, одоо бодоход. Өнөөдөр энэ газарт хувийн компаниуд орд харш бариад хүүхдэд тоглох газар үлдээгээгүй хэмээн шуугиж байгаа. Харин сүүлийн хэдэн жилд хүүхдийн паркийг сэргээх юм гэнэ хэмээн дуулдах болсноос хойш нүд хуурч, сэтгэл баярлуулах ганц нэг тоглоом мэр сэр харагдаад байх болж. (more…)

АГААРЫН БОЛОН ОРЧНЫ БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ НЬ “ЗУУН АЙЛ”

Даваа, Туулай сарын 5th, 2010

Зуун айлд байрлах байгууллагад ажилд орсноос хойш өдийг хүртэл миний бие бүтэн 15 жилийн турш энэ л гудамжаар өгсөн уруудаж алхжээ.

Бүүр эртнээс Сэлбэ голоо дагаад суурьшсан айлууд их байснаас хөрс муутай, сул шороотой, хог сага шавар шавхай элбэгтэй, хүн зон ч багатай байдагсан. Ерээд оны үед Хуучин цэргийн анги байсан саарал байшингуудыг Гадаад паспортын хэлтэс, Арьс харшлын эмнэлэг болгож өөрчилснөөр хөл хөдөлгөөн ихэссэн ч эмнэлэг голдуу байгууллагууд, агуулах маягийн ганц нэгхэн том байшин, нурахаа шахсан намхан шавар байшингуудад жижиг жижиг харанхуй дэлгүүрүүд, баруун талын зам дагуу гэр хорооллын айлууд байдаг байлаа. Тэр үеэ бодвол зам харгуй, гэрэл чимэглэл нь харьцангуй сайжирч, хуучин байшингуудын оронд орчин үеийн хийц загварын барилгууд баригдаж өнгө зүс нэмсэн боловч Улаанбаатарын хамгийн их хөл хөдөлгөөнтэй, хамгийн их асуудалтай газрын нэг болоод удлаа. (more…)

АШИГТ МАЛТМАЛ БА ХҮНИЙ ЭРХ

Баасан, Үхэр сарын 12th, 2010

Монгол улс эрт дээр үеэс байгалийн баялагаа ашиглан өөрсдийн амьдрах орчин,ахуй нөхцөлөө бүрдүүлж ирсэн уламжлалтай орон билээ. Ардчилал хөгжсөн сүүлийн 20 жилийн хугацаанд улс орны хөгжил эрчимтэй хөгжиж улс орны хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь уул уурхайн салбар гэж тодорхойлж бид ч мөн байгалийн баялагаа ашиглан түүнээс багагүй ашиг олж байгаа. Гэсэн хэдий ч хүний амьдрах орчин, эрүүл мэнд ихээр хохирч байгаа байдал сүүлийн 5 – 6 жилийн хугацаанд ажиглагдах боллоо. (more…)

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫГ ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОЁ

Ням, Гахай сарын 13th, 2009

Нийтийн тээвэр гэж хүн ардад үйлчлэх ёстой нэг үйлчилгээний салбар. Үйлчлүүлэгч хаан байх зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх үйлчилгээ бол нийтийн тээврийнхэн. Гэтэл харин ч эсрэгээрээ нийтийн тээврийн жолоочид өглөөнөөс үдэш хүртэл тамхи баагиулан үйлчлүүлэгчдийг хордоож байна. Энэ бол хүн амын эрүүл мэндэд тэрсэлж байгаагаар зогсохгүй Монгол Улсын Тамхины эсрэг хуулийг зөрчиж байгаа явдал юм. (more…)

Гэр хорооллынхоон, бохир усаар хөрс хордуулахаа зогсоогооч!

Баасан, Нохой сарын 27th, 2009

Улаанбаатар  хотод маань  зовлон нэгээр дуусахгүй. Тэр дундаа өвлийн улиралд. Агаарын бохирдол, утааны үнэр, замын түгжрэл, халтиргаа гулгаа, гэрэлтүүлэггүй харанхуй гудамж, хүмүүсийн уур бухимдал. Сүүлийн үед халдварт өвчин гээд нийслэлчүүдэд өвлийн улирал хар дарсан зүүд шиг л хэцүүхэн өнгөрнө. Одоохондоо ес эхлээгүй болохоор арай гайгүй. Нэг, хоёрдугаар сард бүр зовлонтой. (more…)