Headlines

“Дэлхий ээжийн сэтгэлийн өчил”

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр”

АЛТНЫ ХАРААЛ

ЦӨХРӨЛ

“Дэлхий ээжийн сэтгэлийн өчил”

Posted in: blog | Comments (0)

Хүн төрөлхтөнг би мэлмийгээ нээж атгахан талд минь

Хөл алдан тэмцэхийн цагт

Халуун хайр энэрэлийн угаас хан хорвоод өлгийдөж авсан бусуу.

Хүн төрөлхтөнгө би амь тэмцэн эхийн хэвлийгээс гарахын цагт

Алга дарам газарт биш, алс хязгааргүй орон зайд

Алтан хормойгоо дэвсэн байж хүмүүн болгосон биш билүү

Дээдэс өвгөд чинь намайг дэндүү сайн хамгаалж ирсэн атал

Дээшилэн дэвжиж өсөн нэмэгдэхийн хирээр та бүгд намайг юунд мартваа

Би баян дэлхий

Баялагаас минь та бүгд хүртэж болноо

Баяжин бас дээшилж болох ч борхон зүрхнээс минь хумсалж байгаагаа

Бодол сэтгэлдээ тунгааж нэг бодоосой

Хүйтэн хөндий дайсагнах энэ орчлонд хүн намайг хайрлахгүй юм бол

Хувь заяа амьдрал чинь эрчилсэн утсан дээр тогтсоныг санаарай элгэн түмээн

Би дэлхийн дэнсийг тогтоож ядан өтөлж явнаа

Өнгөрснийг бодоход үнэндээ саармагжсан ертөнц үзэгднэм

Өтөлхийн цагт гэгээн нарыг мандуулж чадахгүй үе ирэх вий дээ

Өнчин ганц ботго талын хар салхийг сөрөн тамирдан ганцаараа үлдэх вий дээ

Миний хүн төрлөхтөнд намайг аврах сэтгэлийн хязгааргүй их чин хүсэлтэй

Мянган зовлонгоос минь ангид байлгах авралын эзэн байна уу

Маргааш гэдэг үг хязгааргүй ч

Магадгүй он цаг улиран өнгөрөхийн цагт

Атгахан шороо минь алтны үнэтэй чинь тэнцэх вий дээ.

Эко-Ази” байгаль орчин менежментийн дээд сургууль БОХҮ 2 Б.Янжинсүрэн

gana @ Гахай сарын 16, 2011

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр”

Posted in: blog | Comments (0)

Ижий эх дэлхий хоёр адилхан гэв үү та

Эхийнхээ хэвлийг сэндийчиж эрдэнэс хулгайлж болох уу та

Энд тэндгүй эрхэмсэг модод үндэсээрээ тасарч

Эх орондоо би үлдэх юсан гэж аврал эрэн сарвайж байна

Хаа нэгэн газарт усны ундрага тасарч

Байгаль эх танаас хайр гуйн хашгирч байна

Газар дэлхийн хөрс өнгөө сонин хувиргаж

Гандан гашуудан, элсний их нүүдэл хэзээ, хаана зогсохыг хүлээж байна

Хүмүүн биеийг хайрын дундаас хүртсэн хувьтай хүмүүс минь

Эх болсон эх дэлхийгээ хайрлаач

Хүй цөвөлсөн чулуу, угаасан тунгалаг мөрөн

Угтаж баяссан эх дэлхий минь танаас аврал хайрыг гуйх ёстой гэж үү

Энгүй энэ эх орноо эхийнхээ дайтай хайрлаач

Минийх гэж хамгаалаач

Хамаг муугаас хаагаач

Халдашгүй дархан байлгаач

 Б.Лхагважаргал

Утас: 99023169

 

gana @ Гахай сарын 16, 2011

АЛТНЫ ХАРААЛ

Posted in: blog | Comments (0)

Алтаа ухаж газар ижийгээ өмлөн цөмлөн төнхөж

Аагархаж, баярхаж, авилгадаж явсаар дээдсүүд маань

Ард үлдсэн хотол түмэн харин орших уу? эс орших уу?

Хүмүүн бидний адал балмад үйлдлийн хариуд

Байгаль дэлхий зангаа хувиргаж, царайгаа барайлгаж

Хацар элбэсэн чийглэг зөөлөн салхи

Газар дэвтээсэн намираа бороогоо хайрлахаа болиж

Хааяа нэг хур хайрлахаар болвол дуу цахилгаантай аадар

Хуй салхитай шуурга тавьж, хавь ойрынхоо юмыг хамаад, аваад явчин

Сэтгэлээрээ ядуурч, шуналдаа хөтлөгдөн

Мөнгөнд цаламдуулж түүнд шимтэж

Хүчирхэг дээдсийн улбаа тасрах нь

Дусал ус, грамм алтаа дэнсэлээд

Хөх монголын цог жавхаа гундах нь та минь……………

МОНГОЛ УДСЫН ИХ СУРГУУЛЬ

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

Д. Шинэбаатар 4-р курсс

Утас: 99302230, 98607206

 

gana @ Гахай сарын 16, 2011

ЦӨХРӨЛ

Posted in: blog | Comments (0)

Би үхлээч бие минь монгол ёсоор

Газар шороондоо шингэх итгэл надад алга

Хөлд орсоноос гүйж тоглох тэр бяцхан тойрог

Эзгүйрч, зэлүүдэрч, онгойж харлаад

Хүний гараар сүүдэгдэн цагаан шороо босох

Энэ янзаар амьдрал үргэлжлэн байвал

Эргэх нэгэн өдрийг хүртэл балмад энэ цагийн шуурганд

Эх нутаг минь тэсвэрлэж үлдэх эсэхэд эргэлзэнэ.

Нэг ч гэсэн уулыг эрүүл онгон төрхөөр нь үлдээгээч эрхэмүүд минь

Хэрэв зээ ухаантай хойчис төрвөл таргын хөрөнгө болог.

Нэг ч гэсэн гол горхийг цэвэр тунгалгаар нь байлгаа ч

Ирээдүйн чимэг хойчийн ундаа тэр чинь болог.

МОНГОЛ УДСЫН ИХ СУРГУУЛЬ НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

Д. Шинэбаатар 4-р курсс

Утас: 99302230, 98607206

 

 

 

 

 

 

 

gana @ Гахай сарын 16, 2011

Усны нөөц түүний хэрэглээ, хомсдол, бохирдол

Posted in: blog | Comments (0)

Мөнх хөх тэнгэрийн үүрдийн толь болсон

Мөрөн их усыг ширгэчихвий гэж айдаг

Мөдхөн нүүдэллэн ирэх шувуудын чимээг

Монголд ахиж сонсохгүй болохвий гэхээс бүр ч их айдаг

Улам оргилох булгийг хамгаалан гамнахыг хүсдэг

Үл чадваас

Эцгийн минь морио усалж хийморио сэргээдэг цэнгэг их ус минь үгүйрнэ

Ээжийн минь цайгаа чанаж түмнээ ундаалдаг ариун их ус минь татарч орхино

Иймээс бид

Эртний улбаатай түүх юугаа сэргээж

Эргэх хорвоогийн наран саранд амьдрахдаа

Эрдэмт хүний ёсоор усыг ариг гамтай хэрэглэж эцсийн мөч

хүртэл бохирдуулахгүй байх нь чухал

Ингэж чадваас бид

Ирээдүй хойчдоо нас бэлэглэж

Ирэх хаврын шувуудад цэнгэл нэмж чадна

Энэ зүйл хүн төрөлхтөний мөнхийн амин сэдэв

Элэв галваас ч өмнө эхэлсэн амьд оршихуйн хууль билээ

Хүмүүсээ маргаашийн төлөө өнөөдрөөс хэмнэцгээе

 

СУИС-Утга зохиолын анги

Т.Амар-Амгалан

Утас: 88467464

 

gana @ Гахай сарын 16, 2011

Миний буруу /Агаар ба хөрсний бохирдол

Posted in: blog | Comments (0)

Надад надаас өөр буруутгах дайсан үгүй

Наран сарнаас өөр эмээх нөхөр үгүй

Хөрс бохирдож байгаа нь үнэндээ миний буруу

Хүн чанараа мартсан хүмүүсийн ноён нуруу

Байхгүй учраас бидний амьсгаа үргэлж давчидна

Боловсролтой хүмүүнээр өнөөгийн нийгэм  гачигдана

Бохирдсон хөрсний ачаар цэвэр агаараар дутагдана

Боргилон хөөрөх утаа хоолойнд минь хадагдана

Бүх зүйлийн буруутан би юм шиг санагдана

Өөрчлөлтийг бид эхлээд өөрөөсөө эхлэх ёстой

Эх дэлхийд бид нар төлж баршгүй өртэй

Хог хаядаггүй хүмүүн ядаж хүний мөстэй

Эхийн минь хайр байгаль эхтэй төстэй

Энэ цаг хугацаа дахин бидэнд эргэж ирэхгүй

Миний эвэр ургасан ч эхийгээ мөргөх ёсгүй

Монгол нутагаа сэндийчэж эхийгээ өвтгөхгүй

М. Жадамба

 

gana @ Гахай сарын 16, 2011

“Ус ба цус” Усны нөөц түүний хэрэглээ, хомсдол, бохирдол

Posted in: blog | Comments (0)

Лус савдаг бид 2 олон жилийн найзууд

Хэн биш гэдгээ мэдэрдэг түүний хажууд

Нэгнийхээ зовлонг нилээд сайн ойлгоно

Намар ногоо дэлгэрч аз жаргалтайгаа золгоно

Бид хоёрын ижил талыг одоо та нарт хэлий

Бас ямар зовлон амсдагаа бага ч болов элчлий

Байгаль дэлхийд хэрэгтэй зүйл нь цэвэр ус

Надад үргэлж шаардагдна А зэрэглэлийн цус

Хүний оюун тархи нь ариухан цусаараа тэжээгдэнэ

Надад зовлонгоо ярин гунигланхан инээлдэнэ

Усыг бохирдуулж эх дэлхийг хэзээ ч бүү зовоо

Уучлал гуйж чадахгүй болохоор хичээе дор дороо

Гараа угааж дуусаал крантаа заавал хаа

Усаа хэмнэх арга үүнээс эхлэнэ заа

Хүн цусгүй бол амархан үхэж мөхөнө

Үүний адил эх дэлхий ус нь дуусвал сөнөнө

М.Жадамба

 

 

 

 

 

gana @ Гахай сарын 16, 2011

Унтаж байхдаа би /Уур амьсгалын өөрчлөлт

Posted in: blog | Comments (0)

Шөнө болоход  үргэлжлэнэ тархины минь ачаалал

Сарны гэрэлд түргэвчлэнэ сэтгэлгээний минь тачаалал

Үеийнхэн минь унтаж байхад би суугаад боддог

Монгол хүний оюун санаа огторгуй сансарт оршдог

Гэвч бид одоо уужим амьсгаа авч чаддаггүй

Гэгээрсэн дээдсүүд нь идсэн утаандаа цаддаггүй

Гэгээнтэн залуусын бодол нь 3-р станцаас хэтрэхгүй

Гэрэлт ирээдүйн үрс чинь “АЗ ЖАРГАЛ” –ыг мэдрэхгүй

Амьдрах ёсгүй тиймээс тулд бүгдээрээ мөрөөдөж сэтгэе

Тархины буртагаа цэвэрлэчихээл Монголынхоо төлөө зүтгэе

Ингэж чадвал урьдын адил уужим амьсгаа авандаа

Үзэл бодлоо бат зангидан үзэг цаас нийлүүллээ завандаа

Амьдрал чинь сайхан болноо гэж би хэлдэг анддаа

Алтан дэлхийг аврах бамбарыг барьсан баруун гарандаа

Аврагдах эцсийн араг нь миний хийсвэр сэтгэлгээ

Азтай хүмүүн миний тэмцэл зогсолтгүй үргэлжилнэ

М. Жадамба

 

gana @ Гахай сарын 16, 2011

1. Алдагдсан газар нутагаа сураг гаргах гэж адлуулж хөөгдөж л явна.

Posted in: blog | Comments (0)

Саяханы нэг  өдөр Ашигт малтмалын газрын нээлттэй өдөрлөг  боллооо. Сураг алдраад байгаа \ хэсэг лиценз гэнэт алга болсон байв\  газар нутгийнха нэгээхэн хэсгийг хаанахын ямар улсын мэдэлд очсныг  тодруулж нутгийнхандаа  мэдэээлэх зорилгоор очлоо.

   АМГ-ын хоёр гурван давхарт дүүрэн самбар өлгөчихсөн,   хэвлэл мэдээллийнхэн ирчихсэн коридороор нэг бужигнасан хүнтэй байнаа. Дарьгангын тусгай хамгаалалт бүхий цогцолборт газрууд  цацраг идэвхт ашигт малтмалын  хайгуулын лицензд орсон тухай  мэдээлэл бэлтгээд , Телевиз сонины залуучуудад өгч  анхаарал хандуулах санаатай байв. Хэвлэл мэдээллийн залуучууд дарга нараас нь  ярилцлага авсан болоод  пир хийтэл орж ирээд, эцэс төгсгөлдөө юу болох тухай сонирхдог ч үгүй зангаараа уралдаад л гараад явцгаалаа. Дайралдсан ганц хоёр залуучуудад мэдээллээ өглөө. Нэг их анзаарч ойшоож байгаа хүн ч алга харин нэг сэтгүүлч охин та хэний даалгавраар явж байгаа юм бэ? Гэнэ шүү? Хэний даалгавар байхав дээ?  Хэвлэл мэдээллийнхэнд чихэр тараагаад зогсож байсан АМГ –ын нэг бүдүүн  хүүхэн   намайг их загнаж байна. Та юу тараагаад хүн үймүүлээд байгаа юм бэ? Гар гар гэнээ.  Өнөөдөр чинь нээлттэй өдөр болж байгаа гээ биздээ. Хууль зөрчсөн ноцтой зүйл хийгээгүй гэв.

Тэгж байтал АМГ –ын дарга Ц.Батхуяг гараад ирэхээр очиж уулзаад  тодруулага  авах санаатайгаа хэлэхэд, туслахаа дуудаад  энэ хүний бичгийн хариуг   өг! гэж хэлчихээд шур хийгээд өрөөндөө ороод явчихлаа. Туслах залууг дагаад  явуулсан бичигээ олохоор бичиг хэргээс эхлэн шүүлгээд хэд хэдэн өрөөгөөр орсон боловч олдсонгүй, бичиг авсан байж мэдэх залуу нь сургалтанд явсан гээд  мухардав.

За тэгээд  нэгэнт ирснийх  даргатай нь уулзаад явахаар шийдэн үүдэнд нь хүлээгээд л, хүмүүс орж гараад  суугаад л байлаа. Гэтэл туслах залуу та одоо яв яв гэж намайг хөөлөө. Манай дарга хүн ихтэй байна, бид унд цайгаа уудаг амрах  эрхтэй хүмүүс л гэнэ. Би ч гэсэн хүн биш үү? Нээлттэй өдөр гээ биз дээ гэж хэдэрлэв. Туслахын дэргэд нь байсан нэг бүдүүн залуу энэ төрийн байгууллага та нар шиг гудамжны хүмүүсийн ордог газар биш ухааны дээрэлхүү үг хэлж загнаж байна. Эд нар ер нь намайг чирч гаргах нээ хөөе, гэж мэдрээд гарлаа. Гараад хаашаа явах билээ гэж бодосноо гандан буурахгүй.Ер нь цөмийн  энергийн  газар очъёо гэж  бодлоо.

                   2.  Цөмийн энергийн газарт эрэлээ үргэлжлүүлэв.

Энд бас нээлттэй өдөр болж байж ч магадгүй гэж  очоод өрөө өрөө шагайсаар яваад нэг өрөөнд ороод  би ийм зүйл тодруулах санаатай явна. Хэнтэй уулзвал болох бэ? Гэлээ.

Харин өөрийгөө Цөмийн энергийн газрын  хэлтсийн дарга,\ лиценз хариуцдаг \ Т.Баярбаясгалан гэж танилцуулсан сайхан нэртэй нэг нөхөр миний биеийн байцаалттай танилцаад , би танд албан ёсоор ярилцлага өгөхгүй, хэрэв ярилцлага авах гэж байгаа бол манай хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулж цаг авдаг юм. Гэвч та нэгэнт зориод  ирсэн болохоор чинь таны сонирхсон асуултанд тодруулга өгөе гэхээр нь баярлаад, эгээл нулимс дуслуулсангүй, энд тэнд ад үзэгдэж явдаг хүн чинь хааяа ч гэсэн ийм гайгүй хүнтэй таарахаар нээрээ хоолой зангираад л явчихдаг юм.

             3. Цөмийн энергийн газрын  хэлтсийн дарга

             Т.Баярбаясгалантай хөөрөлдөв.

 Цөмийн энергийн  тухай хууль  2009 оны 8 сарын 15нд  батлагдаж гарсан. Бид энэ хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулдаг. Энэ  хууль ашигт малтмалын тухай хуулиас олон давуу талтай сайн хууль болсон гэж мэргэжлийн хүний хувьд бид хэлж чадна. Онцолж хэлэх юм бол, цацраг идэвхт ашигт малтмалын  тусгай зөвшөөрлийг дамлан худалдах, банкны барьцаанд тавих зэргийг хориглосон байгаа.

Ашигт малтмалын газраас, цацраг идэвхт ашигт малтмалын  тусгай зөвшөөрлүүд, манай газарт шилжиж  ирсэн, түүнийг нь шинэчлэн бүртгэж авсан, хуучин эзэмшиж байсан компаниуд нь хэвээрээ байгаа , манайх шинээр нэг ч тусгай зөвшөөрлийг олгоогүй гэв.

Танай аймгийн нутагт  АНУ, Франц, Оросын хуучин эзэмшиж байсан компаниуд нь  Монгол улсын Засгийн газартай хийсэн гэрээнийхээ дагуу л үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Манайд цацраг  идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд шилжиж ирэхээс өмнө, улс дамнан зарагдсан худалдагдсан тусгай зөвшөөрлүүд  байдаг  түүнийг бид мэдэхгүй.

Асуулт:

 Орон нутгийн засаг захиргаа ч, иргэд ч урран цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэдийд яаж олгогдоод байгааг мэдэхгүй байна л даа. Нэг л мэдэхэд байгалийн цогцолборт баян бүрдийн газрууд,  тахилга шүтээн уул овоод нь орчихсон байдаг. Ашигт малтмалын газраас олон нийтэд зориулж гаргадаг сайтын жагсаалтаас яагаад, урраны тусгай зөвшөөрлийг хассан юм бэ?

Хариулт:

Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олон  нийтэд зориулсан  сайтад тавихад болохгүй  юм байхгүй. Цаашид тавина байхаа. Миний энэ ярьж байгаа зүйл бол албан ёсны ярилцлага биш шүү? Таныг зорьж ирсэн болохоор чинь л хүндэтгээд тодруулга өгч байна. Бид албан бичгээр хариу өгнө, миний хэлэх зүйл энэ гэв.

Эндээс за баярлалаа гээд гарав. Эрлийн хүн анхны сураг гарсанд урамшилгүй яахавдээ. Албан бичгийн хариу ч яахав дээ. Бөөрөнхий бүрхэгдүү л байдгийг мэдэхгүй биш.

 Эндээс шууд  гараад явахаар нэг л сэтгэл  дутуу санагдаад, даргын өрөө  тийш  явлаа. 
    4.  Цөмийн энергийн газрын орлогч дарга

             Ц.Дамдинсүрэнтэй хөөрөлдөв.

Орлогч дарга  Ц.Дамдинсүрэн гэсэн хаалганд ирэв, нэг хүүхэн гараад явахаар нь орох уу гээд  хариуг нь сонсолгүй шууд л ороод л явчихлаа. За тэгээд …да да …гээд л ярилаа. Нэг их хүйтэн ихэмсэг хямсгар хүн биш бололтой санагдлаа. Манай дарга Ц.Энхбат эмчилгээнд гадаадад явсан. Урран ашиглах гэдэг бол иргэд та нарын ярьж байгаа шиг тийм аюултай зүйл биш, хамгийн гол нь аюулгүй байдлаа стандартаа л сайн хангах хэрэгтэй гэнэ.

Японд  болсон явдал байгалийн гамшиг байсан, тэр  болгон тохиолдоод байдаггүй.

Монгол улс  урранаа ашиглаж байж л хөгжинө  гэх мэтээр надад ухуулах сэнхрүүлэх маягийн  энгийн яриа хөөрөө бидний дунд өрнөлөө.  Би ч  чадахаараа сөрөг талаас нь маргах маягтай яриа өрнөөд, хордсон хохирсон баримт жишээ, энэ тэр нөхдийн тухай ярьж   байтал бид МУИС –н  Физик математикийн факультет төгссөн ,  манай доод курсын оюутан  болж   таарлаа. Оюутан цагаас хойш 30 гаруй жил өнгөрсөн  байхад танихгүй байх ч  аргаггүй юмдаа.

Тэгснээ чиний  тэр яриад байгаа, Дарьгангын тусгай хамгаалтанд орсон цогцолборт газрууд, тахилга шүтээн ууланд лиценз олгогдсныг бид яаж мэдэхэв дээ гээд, сургуулийнхаа танилдаа туслалгүй яахав гээд хонх дарж   хүн дуудлаа. Хавтас сугавчилан нэг дарга  орж ирсэн нь миний түрүү уулздаг Т. Баярбаясгалан байсанд жаахан санаа зовлоо.  Энэ Борын яриад байгаа тэр Зотол уул энэ тэрд хэдэн тусгай зөвшөөрөл байгаа юм бэ? Гэвэл жагсаалт гаргаж ирээд  Эрдэнэцагааны нутагт “Хайрхан” нэрээр 57000 га-д Арвеа компанид байна.

Энэ Франц улсын төрийн өмчит Арвеа группын охин компани болох “Кожеговь” ХХК –нь Сүхбаатарт аймгийн нутагт цацраг идэвхит ашигт малтмалын 16 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа юм.

АНУ, ОХУ, Монгол улсын хөрөнгө оруулалттай “Гурван сайхан” ХХК  цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 2 лиценз эзэмшдэг.

Эд нарын  эсэргүүцээд байгаа Дарьгангын үзэсгэлэнт газрууд  гэдэгт,  “Монгол Ураниум Ресурс” ХХК-д   “Хүйтэн уул”-н гэх газарт Ц-002Х тоот  цацраг идэвхит ашигт малтмалын тусгай  зөвшөөрөл   хуулийн дагуу олгогдсон байна.

Сүхбаатар аймагт  нийт  20 хайгуулын тусгай зөвшөөрөл байна гэлээ. Миний эрлийн сураг  ч ингээд  гарлаа .

Ц.Дамдинсүрэн  дарга, чи намайг хар л даа би 30 гаруй жил яг энэ цацраг идэвхт бодистой ажиллаж шинжилгээ судалгаа хийлээ зүгээр л байгаа биздээ гэж хүүхэд шиг, тайвшруулах маягтай хэлсэнд , инээдтэй санагдаж  бушуухан өөрөөнөөс гарлаа.

Ийм хүмүүс насаараа зүтгэсэн ажил мэргэжилдээ үнэнч түүгээрээ амьдарч жаргаж, баясаж байдаг. Тэгээд түүнийхээ ололттой сайн талыг нийгмийн сайн сайханы төлөө зориулах гэж явдаг эрдэмтэн, хувь хүний буруу нь юу байхав.   Харин ийм хүмүүсийн бодол санаа төрийн бодлого болон хэрэгжиж  ачтай, аюултай ямар үр дүн авчрах бэ? гэдэг л байна.

                                     5. Бодол Дүгнэлт

Эцэст нь миний олж мэдсэн зүйл бол Сүхбаатар аймагт олгогдсон цацраг идэвхит ашигт малтмалын  тусгай  зөвшөөрөлүүд  Монгол улсын дангаараа шийдэж цуцлах асуудал биш болжээ. Аль хэдийн Монголын мэдлээс гарчээ.

 Одоо “Хаан Ресурс”\Дорнод аймагт\ гэдэг нэг компани  урраны лицензыг цуцаллаа гээд ,  Монголын ЗГ-ыг олон улсын арбиторын шүүхэд өгчихсөн, хуучин ЗХУ-д Монгол улсын төлсөн өртэй тэнцэх тийм их хэмжээний мөнгө нэхээд байгаа  гэсэн.

Хэрэв Монголын Засгийн газар Манайд аймагт олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлах гэвэл  яг л  үүн шиг өрөнд унах  юм байна.

 Монгол улс  хичнээн ч  улсын барьцаанд  , орчихсон байгааг бодохоор аймаар  юмаа.

 Бодит үнэн  ийм л байна. Сүхбаатар аймаг нэг л мэдэхэд 10- 20 атомын үйлдвэртэй болох нээ.  Энэ төрийн өндөрлөгүүд гадаадаар их доншуучлаад байдаг ингэж л  түүгээр явсан гай түйтгэрийг  үүгээр дуудав гэгч  болж байна.  Хэрэв төр засаг урраныг ашиглах гэж байгаа бол ингэж хулгайч царайлан нуух биш, түүний  хортой, ашигтай талыг ард иргэддээ  тайлбарлаж, аюулгүйн  баталгаа  гаргаж, санал  асуулга авах ёстой. Энэ бодис хүн төрөлхтөнд ямар их аймшигт гамшиг учруулж буйг, ш\у мөхөсдөж байгааг одоо ч япончууд амсаж тарчилж байна.  Бид урран ашиглахыг хүсээгүй, энэ талаар юу ч мэдэхгүй.  Сохор хорхой хүртэл, биед нь хүрэхээр муухай үнэр гаргаад тонгойж эсэргүүцдэг байхад,  оюун ухаант хүмүүн бид, эрүүл аюулгүй орчинд амьдрах, олон улсын хүний эрхийн, манай үндсэн хуульд ч заасан эрхээ эдлэхийг  шаардах  ёстой. Бид  бурханаас заяасан газар нутагаа мэдэх эрхтэй гээд хүчтэй  эсэргүүцэх юм бол энэ аюулыг зайлуулж чадна, чадахгүй бол унасан газар угаасан ус тоонот нутаг цацраг идэвхээр хордож, бидний үр ач зэрэмдэгүүд болж  мөхөх аюултай..

                     6. Их шуурганы өмнөх шиг нам гүмхэн…  

Одоо Сүхбаатар  аймагт 210 тусгай зөвшөөрөл, үүнээс олборлолт хийж буй  35 уурхай байгаа.   Ашигт малтмалыг газраас гаргасан  2011 оны 07 дугаар сарын 15-ны мэдээллээр  нутаг дэвсгэрийн  1184945.36 га-д энгийн  тусгай зөвшөөрөл олгогдсон. Үүн дээр цацраг идэвхт ашигт малтмалын онцгой 20  тусгай зөвшөөрөл нутгийн 10%-20% эзэлж байна.

Дорнод Монголын Тамсагийн сайхан талыг “там”  болгосонтой  адил болгохоор,  газрын тосны хэд хэдэн том талбайнуудыг гадаад дотоодын компаниуд зөвшөөрөл авчихсан очиж байна.  Засгийн газрын  “Дарьганга-24” гэдэг сайхан нэртэй төсөл  эхэлчихсэн.

Алт олдворлолтын 6 компани  одоо мэдэгдэж байгаагаар,  хайгуулын зөвшөөрөлтэй хэд ч байгаа билээ дээ. Алтыг дагаад царцааны нүүдэл шиг нинжаанууд нисээд очино. Ажиллагүй ядуу бид ч хараад зүгээр суухгүй нь мэдээж хүрз хувингаа бариад, орон нутгийн нинжа болох цаг ойрхон байна.   Муу ёрлож байгаа ч юм биш бодит нөхцөл байдал ийнхүү бүрэлдээд байна. Одоогоор Сүхбаатар аймагт ухаад сэглээд хаячихсан аймшигтай газар   гайгүй ч газар нутаг  цаагуураа ихэнх нь эзэнтэй болж, уул уурхай гэдэг мангасд   залгигдсаар…..Их шуурганы өмнөх нам гүмхэн шиг….байна.

Миний тусалж чадах  зүйл бол, нутгийн олон түмэндээ “гэр чинь шатах гэж байна” түймэр түймэр асуй гэж хашгирч явна шүү!!!

                              7. Заягдмал эрх ашигаа засаг төрөөс бид буцааж авах ёстой.

Монгол улсын  үндсэн хуулинд газар түүний хэвлийн баялаг бүх ард түмний мэдэлд гэж, заасан байхад, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулиар нутгийн иргэд байтугай, орон нутгийн засаг захиргаа ч оролцох эрхгүй хууль гаргажээ.

Төр бүгдийг  мэднэ гэснээр, эрх мэдэл бүхий цөөхөн хүмүүс  сүлжээ үүсгэн, албан тушаалаа ашиглан, үнэ цэнэтэй газар нутгийг гадаадынханд зарж   хагартлаа баяжсаар  байна. Үнэндээ ард түмэнд 21 000 төгрөг өгч байгаа нь доромжлол юм.  Аймагтаа сумандаа олон уурхайтай гээд нутгийн иргэдэд, айл өрх бүрд  шууд үр ашиг нь ирдэг бол нүдээ аниад чимээгүй суухсан. Гэтэл бид хааныхан ямар улсын  хэн гэдэг хүн ашиглаад, ямар ашиг олоод байгааг ч мэдэхгүй “тас” харанхуй байдаг.

Ийм уул уурхай хэнд хэрэгтэй юм бэ?  Гэтэл нөгөө  баялагаасаа болоод сүйрсэн гээд байдаг Африкийн зарим оронд  уул уурхайн компани, нутгийн иргэд, орон нутгийн захиргаа гурав нь гэрээтэй  ажилладаг байна. Компани  хайгуул хийхээсээ эхлээд нутгийн иргэдтэй  уулзаж , за танай нутагт ийм баялаг байна, …жил ашиглана,  ашигаа ингэж хуваана. Та бүхэнд  юу хэрэгтэй байна, сургууль эмнэлэг, ундааны цэвэр ус, ажлын байр, мэргэжил эзэмших, бэлэн мөнгө авах гээд  энэ бүхнийг  хэлэлцэж тохироод гэрээндээ тусган хэрэгжүүлдэг байна.

  Гэтэл бид, өнөө ардчилал эрх чөлөө хөгжсөн орны иргэд , МАНАН –гийн  үнэнч гишүүдээ, оюуны потенциал өндөр, чингэс  хааны  удамаа, билэг танхай хөдөөний хүн  гэх мэт хоосон цээжээ дэлдэж  “тэнэгтэж” байдгаас  биш,  ийм  гурван талт гэрээ хийгээд компанитайгаа эн тэнцүү  ширээний ард эзэн хүн шиг сууж дуугарч чадаж байна уу? гэдэгээ бодож үзсэн үү? Хэн нэгэн эрх мэдэлтэн та нар ийм эрхтэй гэж хэлж өгсөн үү? Манай аймгаас сонгууль болгонд  нийгмийн хонгор шиг  цойлон гардаг  Ч.Улаан, Р.Буд нар бидний заяагдмал  эрхийг   хассан  хуулийг батлан  гаргалцсан  үнэн үү?  Мөн нутаг усаа “халуун тамын орон” болгох  урраны  лицензүүдийг тэд мэдээгүй  гэж үү? Эх сурвалжууд Ч.Улаан гишүүнийг   урраны лиценз эзэмшдэг гэж бичдэг. Энэ бүхнийг  өөрсдөөс нь асуул  даа !!!

                    8.   Энх тайван эрх чөлөө өөрөө  ирдэггүйтэй  тэмцэж  олдог…

Энэ асуудал  бидний  одоо болон ирээдүй улс  орны том эрх ашиг шүү дээ. Эрх мэдэлтнүүд гаргасан хуулиа ч сурталчлахгүй, нууж  ард түмнийг харанхуй ядуу байлгах сонирхолтой байдаг.  Монголчууд бидэнд хэн ч өгөөгүй “заяагдмал эрх”  гэж байдаг юм шүү! Энэ бол бурханаас бидэнд энэ газар нутгийг заяасан, бид монголыг сонгож төрсөн. Тэгэхээр тухайлбал,  Сүхбаатар аймгийн  Сүхбаатар сумын, Гүн булагийн  унаган иргэд бид энэ нутаг усаа мэдэх  “эрхтэй” гэсэн үгээ. Энэ бол таны миний “заяагдмал эрх” юм шүү!!!    Гэтэл бидний энэ “заяагдмал эрхийг”  төрөөс төрсөн тэрбумтанууд  булааж авчихаад, өөрсдөө болон гадаадыханд хэт ашигтай хууль гаргаад баялагаас амсуулах төдий л юм  ярьдаг. Тэгэхээр  бид  төрд булаагдсан “заяагдмал эрхээ” буцааж авах хэрэгтэй. Ашигт малтмалын хуульд  дээрх ийм эрхүүдээ оруулж  баталгаажуулах, нутагтаа байгаа  уурхайн ашигаас, олон шат дамжлагагүйгээр өрх бүр ч  юмуу, иргэн бүр ч юмуу  шууд  авдаг байхыг хуульчлахыг шаардах хэрэгтэй.

Эрх мэдэлтнүүд  зуу зуун сая, тэрбумаар нь уул уурхайн ашигаас залгидаг мөртлөө яагаад ард түмэнд мөнгө олгож болохгүй, залхуу ажиллагүй  болно ч гэх шиг юм яриад байдаг юм бэ? Баялаг гэдэг барагдахгүй зүйл биш, тодорхой хугацаанд нэг л өдөр нөөц дуусна. Тэгэхээр  эхнээс нь бүх баялгаа гадаадынханд  сул хаяад байвал юутай үлдэх бэ? Уудаг ус, хөрс шороо нь хордож, хэдэн малаа ч бэлчээрлэх нутаггүй  үлдэх нээ.

Энх тайван эрх  чөлөө өөрөө гүйгээд ирдэггүйтэй  адил, бидний заяагдмал эрхийг, эрх  мэдэлтнүүд  зүгээр  өгөхгүй нь мэдээжээ.

Тэгэхээр бид  үндсэн хуулиар баталгаажсан “заяагдмал эрх”-нхээ төлөө ,  Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулахын төлөө аймагаараа, сумаараа, багаараа, бригадаараа, жалга довоороо нэгдээд тэмцэцгээ бидэнд алдаж хохирох юу ч байхгүй. Биднийг, бидний газар нутгийг хамгаалах өмгөөлөх гэж хэн ч хаанаас ч хэзээ ч ирэхгүй, бүрэн эрхтэй эзэн та бид гэдэгтээ итгэцгээ!!! Энэ орны эзэд залуучууд аа!!!

Үнэ цэнэтэй  газар нутагийнхаа төлөө,  ирээдүй хойч үр ач нарынхаа төлөө тэмцэцгээ тэмцэцгээ !!! Одоо л тэмцэхгүй бол оройтож ниргэсэн хойно нь хашгирна  гэгч  болно.

                         2011 оны 12 дугаар сар 6   Улаанбаатар хот  Л.Бор

gana @ Гахай сарын 12, 2011

Эх орныхоо байгаль орчин ан амьтдыг хайрлан Хамгаалъя

Posted in: blog | Comments (0)

Монголчууд дээр үеэс газар нутаг, уул ус ховор ан амьтнаа дархан цаазат хайрлан хамгаалж өсгөн үржүүлж байгалийн баялгаа ариг гамтай ашиглан арвижуулсаар ирсэн билээ. Манай монгол орон нь олон төрлийн гайхамшигтай ховор ховордсон амьтдын өлгий нутаг бөгөөд тэдгээр нь өндөр уул, тал хээр, говь цөл зэрэг  байгаль экологийн янз бүрийн холбогдох бүсэд амьдардаг. Байгаль орчныг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомж баримт бичгүүдийн дагуу манай оронд маш ховор  ховордсон олон зүйлийн хөхтөн болон шувууд бусад амьтад байдаг.Тэдгээрээс хамгийн ховор устаж үгүй болох аюулд ороод байгаа таван зүйлийн хөхтөн байдаг. Үүнд: Мазаалай баавгай, хавтгай тэмээ, ирвэс, аргаль угалз,баданги хүдэр мөн ховордож буй цагаан зээр, шувуудаас нэн ховор барзгар хатан, идлэг шонхор, загаснаас тул эдгээр амьтад юм. Мазаалай баавгай нь  хамгийн гайхамшигтай амьтан бөгөөд байгаль цаг уурын эрс тэс нөхцөлтэй Монголын баруун урд хэсэгт буюу Алтай өвөр говьд амьдардаг.Зэрлэг  тэмээ хавтгай нь Их- Говийн Дархан Цаазат газарт нутагладаг.Ирвэс бол хамгийн гоёмсог үзэсгэлэнтэй бөгөөд , маш ховор мийн овгийн амьтан юм.Төв Азийн өндөр уулсын махчин амьтдын гол төлөөлөгч гэж үздэг.Зэрлэг хонины хамгийн сайн судлагдсан зүйл бол монголын аргаль хонь юм. Манай оронд хоёр төрлийн зээр байдаг.Цагаан зээр монголын дорнодын тал нутгаар ихэвчлэн нутагладаг.Дээрх ан амьтад болон ховор буюу ховордсон амьтад байгалийн бүхий л гамшиг бэрхшээлд өртөх, хүний зохисгүй үйл ажиллагаа зэргээс болж устаж үгүй  болох аюултай тулгараад байгаа билээ.Монгол улсын засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран тэдгээрийг хамгаалах талаар олон арга хэмжээ авч байна.Жишээ нь: Их Говийн Дархан Цаазат газрын захиргаанаас байгаль орчны яам ,ШУА-ийн биологийн хүрээлэн зэрэг  байгууллагуудтай хамтран хавтгай тэмээг хамгаалах асуудлаар судалгаа менежментийн ажил хийж байна.Ийм арга хэмжээ авч байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй. Ан амьтан ховордож хүний  ухамсаргүй үйл ажиллагаанаас болж байгаль дэлхийд хохирол учирч байна.Ийм учир хүн бүхэн залуучууд дор бүрээнээ хүрээлж буй орчиндоо соёлтой оюунлаг сэтгэлгээгээр хандаж  сайхан амьдралын үндэс суурь болсон их дэлхийгээ хамтдаа хайрлан хамгаалъя

 

НББ III-р курс Н.Мөнгөншагай

 

gana @ Гахай сарын 8, 2011